Ерөнхийлөгчөө шатнаас унахад түшээгүйнхээ төлөө бие хамгаалагчид халагдана

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабегийн аюулгүй байдлын албаны гуч орчим албан хаагч Ерөнхийлөгчөө Хирари олон улсын нисэх буудлын шатнаас унахаас сэргийлж чадаагүй хэргээр ажлаасаа халагдах гэнэ.

Нийтдээ 27 хамгаалагч хоёрдугаар сарын 13-ны баасан гаригт халагдах тушаал хүлээж авах гэнэ.

Түүнчлэн Зимбабве улсын төрийн дэмжлэгтэй The Herald сонины гурван редакторд хорих арга хэмжээ тавьж болзошгүй юм байна. Тэднийг Мугабегийн унаж байгаа гэрэл зургийг нийтлэсэнтэйгээ холбоотойгоор тайлбар бичих тушаал өгчээ.

Энэ бол Ерөнхийлөгч унасантай холбоотойгоор авч байгаа цорын ганц алхам биш юм. Өмнө нь мөн Ерөнхийлөгчийн нисч ирсэн Air Zimbabwe агаарын тээврийн компаниудын эсрэг хориг тавьж байжээ. Зимбабвегийн The Standard сонины мэдээлснээр Ерөнхийлөгч Роберт Мугабе шатнаас унасан хэрэг дээр мөрдөн шалгалт явуулсан гэнэ.

Энэ тухай Зимбабвегийн Гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлэхдээ бие хамгаалагчдыг хална гэж онцолсон байна. Харин Өмнөд Африкийн Independent Online мэдээллийн агентлагын мэдээлснээр бие хамгаалагчид ямар нэг хариуцлага хүлээхгүй, харин Ерөнхийлөгч дээр нь бүдэрсэн улаан хивсийг дэвссэн ажилчид шийтгэл хүлээж магадгүй гэж бичжээ.

Эргэн сануулахад Зимбабвегийн Ерөнхийлөгч хоёрдугаар сарын дөрөвний өдөр Эфиопоос буцаж ирснийхээ дараа Хирари нисэх буудал дээр ёслолын үг хэлж, дараа нь индрээс буух үедээ хивсэнд тээглэдэн унасан юм. Бие хамгаалагчид нь түүнийг хурдан тосч аван, автомашинд суулгаад, сэтгүүлчдийн аппаратыг хурааж, болсон явдлыг буулгасан гэрэл зураг, дүрсийг нэн даруй устгахыг шаардаж байсан ч энэ явдлын талаар сүлжээгээр тэр дороо тарж, сүлжээний хэрэглэгчид Ерөнхийлөгчийг шоглох болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ