Гаалийнхны авлигын хэргийг ингэж шийджээ

Гаалийнхаан гэж өндөр хариуцлагатай, хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс боловч нийгэмд нэр хүнд муутай улс. Нэг ёсондоо дархан хилийн манаанд зогсож байгаагаас ялгаагүй хүмүүс боловч хүмүүсийн нааш цааш гаргах эд барааг хориглож хураадгаасаа болж хүмүүст сайнаар үзэгдэх нь ховор. Гэхдээ төрөөс ингэх ёстой гээд зааж өгсөн ажил нь хойно тэдний буруу юу байхав.
Харамсалтай нь төрөөс олгосон эрх, үүргээ давуулан хувьдаа ашигтайгаар эргүүлэх ойлголт гаальчдын зарим нөхдийн дунд их болсон нь авлигын зэрэглэл өндөртэй орон болгонд л байдаг асуудал. Харамсалтай нь үүний ард жирийн иргэдийн амь нас яригдах хэмжээний хариуцлага хөсөр хаягддаг нь харамсалтай.
Байсгаад л тийм боомтын тэр байцаагч, дарга цэргүүд нь авлигын хэрэгт холбогдлоо, эдийн засгийн цагдаагийнхан хэргийг нь прокурорт шилжүүллээ гэх мэдээлэл он онд тасардаггүй.
Илрээгүй томоохон хэргүүд ч олон бий. Түүхийн үнэт дурсгалууд, археологийн олдворууд хилээр урсах мэт гарч байна. Ард нь хэн байна? Хялбар аргаар ашиг олох гэсэн гэмт этгээдүүдээс гадна гаалийнхан өөрсдөө байгаа.
Аварга том үлэг гүрвэлийн олдворыг хүртэл тэд нүдээ аниад гаргачихсан л байсан. Хамгийн сүүлд л гэхэд Замын-Үүдээр хөргөгчний цаасан хайрцганд амьд хүн ороод ирэхэд мэдэхгүй л нүдээ аньсан байх жишээтэй. Харамсалтай нь энэ хэргийн балгаар хайрцганд нуугдан хил давсан хүн өөрөө амиа алдаж, баахан хүний нэрс бичээд надад ямар нэг зүйл тохиолдвол энэ энэ хүмүүс буруугүй шүү гэсэн бичиг үлдээсэн гэнэ.
Тэгвэл Гаалийнхантай холбоотой хамгийн сүүлд шийдэгдсэн хэргийн мэдээлэл ирээд байна. Нэгэн иргэн их хэмжээний гар утастай цүнхийг гаалийн байцаагчийн тусламжтайгаар хил давуулах гэсэн оролдлого хийж байгаа дүрс бичлэг олон нийтэд цацагдаж шуугиулж байсан даа.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Н нарт холбогдох энэ хэргийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
Иргэн Д.Э нь Хонконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч П.Н нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэхгүйгээр урьдчилан амлаж, иргэн Д.Э, Ю.Э, Б.О нараас 800 мянган төгрөгийг хээл хахуульд авч, татварт төлөх 20.507.658.94 төгрөгийг төлүүлэлгүйгээр улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаас Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч П.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих, иргэн Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус оноосон байна.
Иргэн Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэн Ю.Э-г цагаатгаж, П.Н-ийн хээл хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ