"Чин сэтгэлийн бэлэг" цуврал номын хурим боллоо

Ном бол ертөнцийг харах толь мөн. Уншихгүй бол сэтгэхгүй. Тиймээс бид номын шидээр ертөнцтэй танилцаж оюун ухаанаа тэлэх боломжийг олж авдаг билээ. Өнөөдөр мөн нэгэн сонирхолтой номын хурим МЗХ-ны байранд боллоо.
“Чин сэтгэлийн бэлэг” цувралаар гарч буй Хонгорзул, Ану, Урангоо, Хулан, Солонго, Нандиа, Сарнай, Заяа, Уянга, Эгшиглэн хэмээх 10 нэр бүхий номууд ньтүмэн олонд зөвхөн угтал санаа өгөх зорилгоор энэ удаад нэр нэгтнүүдийн гар дээр очиж байгаа ажээ. Тухайлбал, “Хулан-даа зориулав” номонд Хулан нэртэй холбоотой шүлэг, өгүүллэг, дуунууд, мөн амжилттай яваа Хулан нартай хийсэн сонирхолтой ярилцлага, цаашлаад аливаа нэртэй холбоотой бусад сонирхолтой сэдвүүд багтсан байна.
Монгол түмэн үр хүүхэддээ нэр залах ёслолыг эртнээс үйлдэж ирсэн билээ. Хэн гэдэг нэр өгөх, хэнээр залуулах, ямар өдөр хэдэн цагт нэрийг нь хайрлах зэрэг нарийн дэг жаягтай байлаа. Учир нь дуудах нэр нь хүний нэгэн насны аман хишиг, буян заяанд нөлөөтэй байдаг хэмээн эртний мэргэд айлддаг байв.
Гэвч өнөө цагт ёс суртахуун, зан заншил алдагдаж, нэр хүндэд хайр найргүй халдах байдал өдөр бүр нэмэгдэж, тэр хэрээр өтгөс дээдсийн үг сургааль алслагдан мартагдаж байна. Энэ л цаг үед эл мэт үгийн утга санааг олноо дэлгэрүүлэх ажлын нэгээхэн хэсэг нь энэ гэв ээ. Уг цувралыг “Монгол Агуулга” төвийн дэргэдэх “V” редакциас Валентины баяр болон Сар шинийн баярыг угтан “Чин сэтгэлийн бэлэг” болгон худалдаанд гаргаж байгаа юм байна. Энэхүү бүтээлд зургаан уран бүтээлч хамтран ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ