Аз жаргалын яам

Дэлхий дээр цорын ганц улсад Аз жаргалын Яам ажилладаг. Энэ бол Бутаны Вант Улс. Энэ улсад тантра буддизмыг төрийн шашин болгон зарласан байдаг. Иймээс төр засгийн гол зорилго нь иргэдээ аз жаргалтай байлгах явдал юм. Энэ нь тус улсын Үндсэн хуулийн 9-р зүйлд заагдсан байдаг.

Ерөнхий сайдаар толгойлуулсан «Бүх ард түмний аз жаргалын комисс» (Gross National Happiness Commission)-ыг 2008 оны наймдугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Бутанд «Та аз жаргалтай амьдарч байна уу?» гэсэн санал асуулгыг хүн амын тооллогын үеэр явуулдаг байна. 2005 онд болсон тооллогын үеэр хүн амын 45% нь «маш их», 52% нь «жаргалтай», ердөө 4% нь «тийм ч их жаргалтай биш» гэж хариулж байжээ.

Бусад оронд түгээмэл хэрэглэдэг ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) гэдэг ойлголтын оронд Бутан «үндэсний нийт аз жаргал» гэх илүү тохиромжтой үзүүлэлтийг сонгож авсан нь сонирхолтой бөгөөд олзуурхууштай хэрэг юм. Иймээс төрийн бодлогын нэн тэргүүний эгнээнд хүн амын аз жаргалын асуудал байдаг аж. Бутан бол элэгсэг, зочломтгой, хар буруу санаагүй, үндэсний өвөрмөц соёлоо гээж орхиогүй баяр баясгалангаар дүүрэн орон ажээ. Энд амьтны амь таслахыг цээрлэдэг тул бараг бүгд цагаан хоолтон. Мөн химийн гаралтай бордоог хилээр нэвтрүүлдэггүй тул ургац бүхэн нь экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг. Ой мод огтлохыг хориглодог. Буддизмын орон гэж хэлэхэд ч багадмаар цэвэр ариун, гэгээлэг орон юм байна. Вант улсад өнөөг хүртэл судлагдаагүй үлдсэн газар нутаг ихээс гадна, зүүн ба төв хэсэгт нь хүний хөл гишгээгүй онгон тансаг байгальтай, ер бусын амьтан ургамалтай асар уудам дархан цаазат газрууд олноор бий. Энэ бүхнийг Бутан улс ан хийх ба мод огтлохыг хориглох гэсэн 2 энгийн аргаар авч үлджээ.

Дэлхийн аз жаргалтай улсуудын жагсаалтын эхний 10 дотор энэхүү Азийн жижигхэн улс багтсан байдгийг гайхах аргагүй. Тус улсад дундаж наслалт доогуур, хүн амынх нь ердөө 47 хувь нь бичиг үсэг тайлагдсан, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бага нь аз жаргалтай байхад нь саад болсонгүй. Яагаад? Судлаачид үүнийг ер бусын хүчтэй үндсэрхэг, эх оронч үзэлтэй холбодог. Мөн тус улсын үзэсгэлэнт байгаль, бараг хөндөгдөөгүй соёл үүнд нөлөөлсөн хэмээн үздэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ