Жолооч нарт анхааруулах нь

Сар шинийн өдрүүдэд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутаг уруу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалган замын хөдөлгөөнд оролцоно уу.
Шинийн 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хорооллын замуудын ачаалал ихсэж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг цөөнгүй гаргадаг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаа тул замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй юм. Иймд иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн явж байгаа чиглэлд хөдөлгөөний ачаалал ихтэй удаашралтай байвал эсрэг урсгалд сөрөхгүй байх зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг уруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймээс та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ