М.Даваажаргал хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд Япон Улсын мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Ерөнхийлөгч энэ үеэр хэлсэн үгэндээ “Золбоо хийморийн билэгдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна.
XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даяан дэлхийд дуурсгаж яваа бид бүхний бахархалын эзэн, алдар хүндийн эзэд болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын түүхийг бичилцэж буй багш эмч, малчин барилгачин, эрдэмтэн, архитектор, хилчин инженер, тамирчин, дасгалжуулагч, удирдаач зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэд маань төрийн эрхэм дээд цол тэмдэг хүртэж байна” гээд “Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна.
Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо” хэмээн шинэхэн Хөдөлмөрийн баатарыг онцлон тэмдэглэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ