Цагаан сараар нэг цаддаг…

Морин жил монголчуудын хувьд түүхэн үйл явдлуудын гэрч яах аргагүй мөн билээ. Хамгийн сүүлд 1990 оны цагаан морин жилд л гэхэд хонхны дуугаар сэрсэн монголчууд нэг намын үзэл суртлаас салж, олон намын тогтолцоог бий болгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 25 жил өнгөрчээ.
Улиран одож буй хөх морин жилд ч үр тариа сайн авсан,хамгийн олон мал тоолуулсан, гурван сая дахь иргэдээ өлгийдөж авсан гээд түүхэн өөдрөг үйл явдлуудыг ярьж байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Амны билгээс ашдын билэг гэдэг уламжлалт ойлголтоор бол “хөх морь” бас л биднийг хүрэх газар нь хүргэж дээ. Үнэндээ санхүүгийн зах зээлийн бэрхшээлийг эдийн засгийн хямрал болтол нь элгээр нь хэвтүүлж чадсан төрийн түшээдээ харааж зүхэлгүй сар шинэдээ сайхан шинэллээ.
Ноён уулаа аврахаар өлсгөлөн зарласан иргэдийг эс тооцвол цаг цагт нэг цаддаг цагаан сараар нэг цаддаг нь хэвээрээ байнаа. Бусад үед нь дандаа өлсөж байдаг гэсэн утгамэдээж энэ үгэнд байхгүй л дээ. Гэхдээ л билэгдлийн сэтгэлзүйтээ бидний хувьд цагаан сарыг өмнөх жилүүдээс ч дутахааргүй тэмдэглэв бололтой.
Ёс заншил өв уламжлалаа бодож, нэр хугарахаар яс хугар гэдэг ойлголтоор халаасаа хоосолж, картаа нойлолсон нь бишгүй л бий байх. Цагаан сарын уламжлалт баярын наана буянтай жилийн өнгө үзэгдэж буурал өвгөдийн билэг дэмбэрэлтэй үгс сонсогдох ч, цаана нь бас цалингийн зээл, банк, ломбардны хүү гээд өрийн сүлжээ нэмэгдсэн нь нууц биш.
Ямар ч байсан өв уламжлалаа огоортол өлсчихөөгүй байгаа дээрээ иргэд маань маргаашнаас эхэлж тус тусын ажил амьдралдаа шамдахгүй бол, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл хямраачихаагүй байгаа дээрээ төр засгийнхан маань зоримог шийдвэрүүд гаргахгүй бол хаврын урт шар өдрүүд хаяанд ирсэн нь хэн бүхэнд ойлгогдож байна.
Зоримог шийдвэр гэхээр золтой л Бурхан халдун руугаа дайрчихаас буцахгүй бэлэнчлэх сүйтгэх хандлагаа өөрчлөхгүй бол явахгүй нь ээ. Одоо албан газрын золголт, засал ном, дүнжингаравын хурд, март, цэргийн баяр гээд манаргаж өгнө дөө манайхан… Ядаж байхад төрийн түшээд нь уул ухаж нэг сайн цатгах, цадах тухай л бодоод явах юм.
Цаг цагт нэг цаддаг сэтгэлгээ дээр дооргүй л байгаад байх шиг…
T.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ