Асуулга: Бууз бид хоёрын өнгөрүүлсэн 20 жил
Том том бууз, тогоо дүүрэн буузтай холбоотой хөгжилтэй явдлуудаа эргэн дурсацгаая. Битүүний өдрөө инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.
1. Зүүдэлсэн гээд бодчихъё
Тээр нэг жилийн битүүний өдөр аав ээж бид гурав үүрээр босоод орой 5 хүртэл бууз хийв ээ. Цагаан сарын бэлтгэлээ нэлээн оройтуулж хам хум эхлүүлсэн нь тэр юм. 1000 буузны ард гарчихаад, идээгээ засч, салатаа зуурчихаад “За, битүүлэх арай болоогүй байна аа” гээд дутуу нойроо нөхөхөөр гурвуулаа орон дээр тэврэлдээд хэвтсэн нэг мэдтэл унтаад өгчихөж. Гурвуулаа зэрэг сэрээд цагаа харсан чинь шөнийн 11 цаг болчихсон байв. “Өө, битүүлэх оройтлоо” гээд хам хум босч балкон руугаа гартал бууз маань байдаггүй. Гурван нойрмог амьтан балкон дээрээ нүдээ нухаж баахан эргэлдэв. Унтах зуураа буузаа хулгайд алдсанаа ойлгочихоод, ширээнийхээ ард гурван биенээ дэмий харж баахан суулаа. Тэгсэн аав “За за, сайхан бууз хийж байна гэж зүүдэлсэн гээд гурвуулаа бодчихъё” гэдэг үгээр төгсгөөд гурвуулаа салат идэж битүүлсэн дээ. Салатаа халбагадаж, амандаа хийж байхдаа ямар ч утгагүй баахан инээж билээ. /23 настай А/
2. Хадам ээжийн халуухан бууз
Хэдэн жилийн өмнөх цагаан сараар би гэргийнхээ гэрт анх удаа зочлохоор болов. Хадам аав ээж хоёр намайг сайхан хүлээж авсан ч, цаанаа л нэг сандраастай, гар байнгын салгалаастай. Энэнээс болж дээлийнхээ хормойг хэд сайн майонезтай хутгаж аваад, дотроо уур хүрч байсан ч гаднаа “Ээжийн салат хормой мялааж байна” гэж худлаа инээчихээд сууж байв. Хадам ээж жигнүүрээс бууз гарган урд тавихаар нь маасайсан чигээрээ нэг томыг аваад амандаа хийтэл нэг л биш ээ. Аймаар хурц, гашуун, халуун амт. “Буузыг нь заавал идэх ёстой” гэж дотроо хатуу сануулаад нүдээ анин том том зажиллаа. Аман дотор бараг түймэр гарч байна. Духнаас хөлс, нүднээс нулимс гараад иртэл ээж “Миний хүү яасан, тийм муухай амттай байна уу?” гэхээр нь “Баярласандаа л уйлсан юм” гэж хэлээд ахиад зажиллаа. Тэсэхийн аргагүй муухай амттай болохоор нь гахаад гаргатал аав ээж хоёр “Миний хүү чинь азын халуун чинжүүтэй бууз амандаа хийчихсэн байна ш дээ. Бушуухан гаргахгүй яасан юм” гээд баахан шоолсон доо. Тэрнээс хойш цагаан сараар очих болгондоо “Хадам ээжийнхээ халуухан буузыг иднэ ээ” гэж томордог болсон. Манай хоёр ч тоглоом шоглоом хийх дуртай хөгжилтэй хүмүүс байдаг юм. (28 настай Ч)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ