“The Voice” шоу албан ёсоор Монголд

Дэлхийн 180 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Тhe Voice” шоуг манай оронд албан ёсны эрхтэйгээр зохиох гэж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү авьяаслаг дуучдыг нээн илрүүлэх зорилготой дэлхийн хэмжээний томоохон шоуг National Times News медиа группийн харьяа NTN HD телевизээр дамжуулах бөгөөд Монголын өнцөг булан бүрт суугаа 3 сая үзэгчдэдээ хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн цогц ажлыг идэвхитэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус группийн гүйцэтгэх захирал Б.Булганчимэг хэлэхдээ “Энэхүү шоуны албан ёсны эрхийг авахад ихээхэн хичээл зүтгэл орсныг онцлон, дэлхийн алдартай контенттэй шоуг Монголын үзэгчид хүлээн авч үзэх цаг нь болсон гэлээ. Дэлхий дээр хамгийн эртний соёлт гүрнүүдийн нэг болохын хувьд нүүдэлчин ард түмэн бид дуу хөгжмийн агуу их өвийг өвөг дээдсээсээ уламжлан, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосоор ирсэн билээ. Түүнчлэн манай залуу үеийнхэн дэлхийн хөгжмийн жишгийг дагахын сацуу гадаад урсгал чиглэлийг өөрийн үндэсний хэв маягтай хослуулан шинэ давалгааг бий болгож байна” гэсэн юм. Монголын телевизийн салбарт шинээр хүч түрэн гарч ирж байгаа NTN телевизийн энэхүү хүчин чармайлтыг үнэлж, Талпа глобалын удирдах зөвлөлийн дарга Мартин Мэйс “Тhe Voice" шоуг бусад оронд өндрөөр хүлээн авсантай адил Монголд ч мөн амжилттай зохион байгуулахын төлөө бүх талын туслалцаа үзүүлэх болно хэмээн мэдэгдэв.
Одоогийн байдлаар “Тhe Voice” шоу дэлхийн 60 орчим оронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийтдээ 500 сая гаруй үзэгчдэд хүрч, фэйсбүүк хуудаснаа 55 сая фенүүдтэй, твиттер хуудаснаа 10 сая орчим дагагчтай болсон юм. Мөн тус шоу нь Emmy Award зэрэг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шагналуудыг авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ