"Харилтгүй хүчит" аваргууд хаачив

Өнгөрсөн сар шинийн барилдаан үзүүштэй боллоо. Барилдааны тухай яриа хөөрөө өнөөдөр ч тасралгүй үргэлжилсээр байна. Аймаг, цэргийн цолтнуудад ааглуулаагүй, арслан, заан, гарьдууд нь эрэмбэндээ байж барилдсан, тэгээд ч болоогүй дархан аваргатай барилдаан цаанаа л өөр юм гэлцэнэ.
Нээрээ ч битүүний бөх сүүлийн хэдэн жилд болж байгаагүй чансаа өндөр барилдаануудаар дүүрэн байсан юм. Өмнөхөн нь талын монголын хүчтэн хүү арлын Японы олон зууны түүхтэй бөхийн рекордыг ойрын хэтдээ дахиж эвдэхгүй болтол нь тогтоосон, аав хүү хөдөлмөрийн баатруудтай болсон гээд бөхчүүдээ тойрсон цэнгэлийн манлайг монголчууд ханатлаа эдэлсэн.
Ар дээр нь болсон энэ барилдааныг Өсөхөө аварга сайхан чимлээ. Дархан аварга л ийм байна гэмээр аваргын биеэ авч яваа байдал, үзэгчдийг хүндэтгэж байгаа үйлдэл энэ бүхэн дархан аваргатай бөх цаанаа л өөр юм гэлцэхэд хүргэсэн биз. Үүнээс гадна тэрээр бусад үе тэнгийн аваргуудтайгаа адил ёс үзүүлсэнгүй жинхэнэ бяр хүчээ шавхан барилдаж тав давж шөвгөрсөн нь үзэгч олныг баясгасан юм.
Эндээс үзэхэд нэг зүйл өөрийн эрхгүй бодогдоно. Дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар нар, цаашлаад зургаан залуу заан гэгдэж явсан гарьд Б.Гантогтох, гарьд М.Цэрэнпунцаг нар түүний дайтай барилдааныг харуулахаар л бөхчүүд. Дөч дөнгөж шүргэж яваа тэдний дэргэд өмнөх үеийн алдарт аваргууд, зүлэг ногоон дэвжээг эзэгнэн төрсөн эрхмүүд хэдэн насандаа ямар амжилт үзүүлж байсныг дурдая.
Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын гурван дархан аварга ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хамгийн олон жил зодоглож, наадамчин түмнээ баясгаж явсан хүчтэнүүд бөгөөд Д.Дамдин аварга 39, Ж.Мөнхбат аварга 39, Х.Баянмөнх аварга 36 жил зодогложээ. Ардын төрийнхөө их баяр наадмаар Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон 12 жил түрүүлж, хамгийн олон завсаргүй 19 жил дараалан их шөвөгт шалгарч байсан бол Х.Баянмөнх аварга хамгийн олон 27 жил (10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, 9 удаа долоо, 3 удаа зургаа, нэг удаа тав давсан) шөвгөрч, хамгийн олон 23 жил их шөвөгт шалгарч үлдэж хүч үзэж явжээ (МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын амжилтыг оруулав). Х.Баянмөнх аварга баяр наадмын дэвжээнд Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нарын “өнгөрсөн, одоо, ирээдүй” цагийг эзэлсэн алдарт аваргуудтай хамгийн олон буюу 29 удаа таарч, гар зөрүүлж явсан бөгөөд 27-д нь их шөвөг, үзүүр түрүүнд хүч үзжээ.
Алс баруун хязгаар нутгийн алдарт хүчтэн Х.Баянмөнх аварга хамгийн ахмад настайдаа баяр наадмаар түрүүлж, үзүүрлэж явсан бөх. Тэрбээр ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадмаар 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын үзүүр түрүүг 47 настайдаа булаалдаж үзүүрлэж үнэнхүү ясны сайн болохоо харуулж байв. Ч.Бээжин аварга 36, Д.Хадбаатар аварга 35 настайдаа “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж байв. Дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин нар 51 настайдаа тав, дархан аварга Ж.Мөнхбат 53 настайдаа зургаа давж наадамчин олноо баясгаж байсан түүхтэй. Үүгээр ч зогсохгүй Сэлэнгийн “боохой” хэмээх алдарт арслан Д.Данзан 57 настайдаа тав давж шөвгөрсөн гэдэг.
Тэгвэл өнөө цагт харьж яваа ч зүлэг ногоон дэвжээгээ чимж, наадамчин олноо баясгах үүргээ биелүүлж байгаа аварга, арслан гарьдууд гэвэл Г.Өсөхбаяраас өөр хүн үгүй болжээ. Зарим нь төрийн ордон бараадаж, нам дагасан бол бусад нь бизнес хөөж наадмын талбайгаа умартсан нь харамсалтай.
Идэр залуудаа хамаг бүхнээ мартан хичээж, зүтгэж, мөрөөдөж явсаар гаргасан амжилтдаа цадаж ханасан аварга, арслангуудаа үгүйлсэн бөхийн хорхойтон монголчууд тэднээс өөрсдөөс нь илүүтэй харамсдаг бизээ. Наадамчин олноо бясган цэнгүүлэх үүргээ биелүүлж яваа "харилтгүй хүчит" дархан аваргаа харсан монголчууд хичнээн их баярлаж, бахдаж байгаагаас төрсөн сэтгэгдэл энэ юм.





Н.Умард /Bataar.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ