Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв


Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг Москва дахь ЭСЯ-ны төв байранд нээв. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байснаараа онцлог хүн юм. Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдол бүхий фото зургуудыг жаазлан өлгөжээ. Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургуудыг байрлуулсан байна. Ж.Самбуугийн бичсэн “Малчидад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлж байсан энэхүү ховор чухал номыг шилэн хоргонд байрлуулсан байв.
Энэ жил түүний мэндэлсний 120 жилийн ой нь тохиож буй бөгөөд БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан анхны Элчин сайд Ж.Самбуугийн алдрыг мөнхжүүлэх үйлсэд ЭСЯ-ныхан хувь нэмрээ орууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ