Талийгаач охины эцэг цагдаа биш ШШҮХ-гийн шинжээч байжээ

Дөрөвхөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй, шарх сорвитой нас барсан нь олныг цочирдуулаад байна. Биедээ баймгүй зовлон амссан балчир охины араас ээжүүд гэрэлт зул өргөн буян үйлдэж байна. Охиныг амиа алдахад хүргэсэн хүмүүс төрсөн эцэг болон хойд эх нь гэж төрсөн ээжийнх нь найз өөрийн фэйсбүүкээр мэдээлсэн. Тиймээс ч цагдаагийн хэлтсээс тэднийг сэжигтнээр татан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Тэдэнд бусдын амь насанд хүрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Охины эцэг цагдаа биш ШШҮХ-гийн шинжээч байжээ

Ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч энэхүү хэргийг үйлдсэн гэх мэдээлэл олны эгдүүцэл, дургүйцэл, жигшлийг хүргэж байна. Энэхүү мэдээллийг анх Хүүхдийн төлөө Үндэсний төвийн дарга И.Нарантуяа олонд мэдээлсэн. Тэрбээр “Охины эцэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шинжээчээр ажилладаг” гэж хэлсэн. Тэгвэл албаны эх сурвалж охины хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Ц-г цагдаагийн байгууллагад ажилладаггүйг онцоллоо. Өөрөөр хэлбэл, Ц нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр ажилладаг байжээ. Улмаар хүн амины хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа учраас ажлаас нь түр түдгэлзүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас ШШҮХ-д хүргүүлсэн байна. Уг саналыг ШШҮХ хүлээн авч, ажлаас нь түр түдгэлзүүлээд байгаа аж.

Шинжээчид худал дүгнэлт гаргавал хуулийн эрүүгийн хариуцлага хүлээхээ мэдэгдлээ

Талийгаач охиныг амиа алдсаныг төрсөн ээжийнх нь найз өөрийн фэйсбүүкдээ мэдээлэхдээ “Охины хярзан урагдсан байдалтай байсан нь хүчирхийлэлд өртөж байсан байх магадлалтай” гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр “Охины хярзан урагдаагүй, хүчирхийлэлд өртөөгүй. Бэлгийн хүчирхийлэл байгаагүй” гэж гарчээ. Талийгаач охины аав ШШҮХ-нд ажилладаг. Гэвч одоогийн байдлаар ажлаас нь түр түдгэлзүүлээд байгаа юм. Гэвч иргэд аав нь танилаа ашиглалаа гэх хэл ам гарах вий гэсэн үүднээс ШШҮХ-гээс охины хэрэгт ашиг сонирхлын хуулийн дагуу шинжээч томилсон байна. Тодруулбал, энэхүү хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчид нь талийгаач охины төрсөн эцэгтэй холбоогүй юм байна. Мөн хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж ажиллана. Хэрвээ асуудалд гаргавал хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн гарын үсэг зуран энэхүү хэрэгт ажиллаж байгаа юм байна.

Энэ сарын 28-нд талийгаач охины араас гэрэлт зул өргөнө

Олныг цочирдуулсан энэхүү хэргийг эсэргүүцсэн иргэд олон нийтийн сүлжээнд охины төлөө зул өргөж, тайван жагсаал хийхээ мэдэгдээд байгаа юм. Тайван жагсаал энэ сарын 28-ндбуюу бямба гаригийн 18:00 цагт Чингисийн талбайд болно. Жагсаалыг “Ээж бүхний дуу хоолой” группийн ээжүүд зохион байгуулан, хүчирхийлэлийн золиос болж, эмгэнэлтэйгээр амиа алдсан охины төлөөийнхүү зул өргөж, таван минутын чимээгүй зогсолт хийх юм байна.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ