Орост захиалгат аллага гарч сөрөг хүчний лидерийг хөнөөжээ

Москвагийн төвд Оросын улс төрийн зүтгэлтэн, сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч асан, Ярославск хотын думын гишүүн, Борис Немцовын аминд халдсан хэрэг гараад байна. Олон улсын хэвлэлүүд "Москвад гарсан аймшигт кахиалгат аллага"-ын тухай бүгд тэргүүн нүүрэн дээрээ бичиж байна.
“Шөнийн 23 цагийн орчимд Борис Немцовыг украинаас ирсэн танил бүсгүйтэйгээ "Их Чулуун гүүр"-эн дээр зугаалж явахад нь автомашинтай хүмүүс дэргэд нь зогсож хэд хэдэн удаа буудсаны дөрвөн сум нуруунд нь тусч амийг нь бүрэлгэсэн байна” гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Елена Алексеева мэдэгдсэн байна. Алуурчин Немцов руу 7-8 удаа бууджээ.
Борис Немцовтой хамт явсан бүсгүйгээс хууль сахиулагчид мэдүүлэг авч эхэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улстөрчийн гэр бүл ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлээд энэ харгис аллага захиалгатай, өдөөн хатгасан шинжтэй байна гэжээ.
55 настай Борис Немцов ерөнхийлөгч Борис Ельциний үед ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан бөгөөд ихээхэн хэлмэгдэж явсан улстөрийн зүтгэлтэн юм. Сүүлийн үед тэрээр Украины хямралтай холбогдуулан Оросын удирдагчдын авч байгаа арга хэмжээг ихэд шүүмжилж үгээ хэлж байсан юм. Ийнхүү Борис Немцовын аллага Оросыг доргиолоо.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ