МАХН “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэлээ

Монголд улс төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Эх орончдын өдөр болов. Эл өдрийг тохиолдуулан МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчдийн хамтаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын нарийн бичгийн дарга нарын албаныхан оролцжээ.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2004 онд УИХ-ын дарга байх үед эл өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэх ажлыг санаачилж, УИХ-аар батламжилж байжээ. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүний мөн чанарыг олон нийтэд сурталчилах, эх оронч сэтгэлгээг сэргээх, залуу хойч үедээ таниулахад эл өдрийн ач холбогдол оршдог талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр онцолж байв.

Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа МАХН баярын хурлаа намынхаа байранд хийв. Эх орончдын баярын эл өдөр 100 орчим дэмжигчид тус намд гишүүнээр элсч МАХН-ын батлахыг гардан авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ