Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ авч эхэллээ

УИХ-аас 2015 оны төсвийн тодотголыг батлахдаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр нөхөн олгохоор болсон.

Тэтгэвэр нэмэхэд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ахмад настнууд өнөөдрөөс нэмэгдлээ авах боломжтой болж байгаа юм. Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа юм.

Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга байсныг 230 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Түүнчлэн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийг 172.200 төгрөгөөс 195 мянган төгрөг болгосон.

Улсын хэмжээнд 345 мянган тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Ийнхүү нийслэлийн ахмадууд өнөөдрөөс эхлэн тэтгэврийн нэмэгдлээ авч эхэллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ