Ерөнхийлөгчийн нэрэмжит биатлоны тэмцээн эхэллээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх биатлоны тэмцээн эхэллээ. Анх удаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд ОХУ, Буриад, Чита муж болон Монгол Улсын биатлоны баг тамирчид оролцох бөгөөд цаашид жил бүр зохион байгуулах юм байна. Сочи-2014 цуврал тэмцээн явуулж байсныгаа энэ жил манай улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгосон нь энэ аж.

Тус тэмцээн нь богино зайн, бөөн гараа, холимог буухиа уралдаан гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд богино зайн төрөл нь өнөөдрийн 14:00 цагаас Sky resort цанын баазад болно. Харин энэ сарын 05-нд бөөн гараа, 06-нд холимог буухиа уралдаан үргэлжилнэ. Дөрвөн гараатай тус тэмцээний эхний хоёр гараа Улаан-Үд хотод болсноос ОХУ-ын Буриадын тамирчид тэргүүлж, манай улсын нэгдүгээр баг 13 оноогоор хоёрт бичигдэж байна.

Тэмцээний шагнал нь арван сая төгрөг болон шилжин явах цом юм. Энэхүү цом 999-ийн сорьцтой мөнгөөр бүрсэн хүрэл цомыг хамгийн өндөр оноотой баг авах эрхтэй ажээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 15 тамирчин, ОХУ-ын 15 тамирчин оролцож байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ