Осолдсон залуу тусламж дуудахгүй байсны шалтгаан

Ирландын зүүн эрэг орчим оршдог Дроэда хотын нэгэн уушийн газрын эзэн Жерри Брэди өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр шөнийн 01 цагийн орчимд өөрийнх нь автомашины дэргэд нэгэн залуу ухаангүй хэвтэхийг хараад мэл гайхжээ. Жерри тэр залууг ухаан оруулаад болсон явдлыг олж мэдсэн гэнэ. Хохирогч залуу нэгэн танилдаа хэмх зодуулсан гэдгээ өчив.

Уушийн газрын эзэн цагдаа болон түргэн тусламжийг дуудсан хэдий ч цус нөжиндөө хутгалдсан залуу эсэргүүцэж байсан аж. Тэр орчимд байрлуулсан хяналтын камерын бичлэгийг үзээд Жерри яагаад тэр залуу цагдаа нартай учрахыг хүсээгүй вэ гэдгийг ойлгожээ.

Сайн эр түүний цагаан өнгийн Мерседес машиныг хулгайлахыг оролдохдоо эхлээд чулуугаар машиных нь салхины шилийг цохиж үзсэн байна. Дараа нь хажуу талын шилийг хагалахыг оролдоод бүтэлгүйтжээ. Түүний шидсэн чулуу шилнээс бумеранг адил ойгоод өөрийнх нь толгойд туссан гэнэ. Чулуунд цохиулсан хулгайч эр ухаан алдаж унасан аж. Цагдаа нар сайн эрд эмнэлгийн тусламж үзүүлсний дараа түүнийг саатуулсан бөгөөд гэрийн хорионд оруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ