Цагийн тооллыг нэг цагаар урагшлуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оруулж, хэлэлцүүлэн баталлаа. Тус хуралдаанаар зуны цагийн тоололд энэ сарын 27-28-ны шөнө шилжих шийдвэрийг гаргажээ.
Монголчууд урин дулаан болон хүйтний улирлыг угтан 2007 он хүртэл цагийн тоололд өөрчлөлт оруулдаг байлаа. Тухайн үед ийнхүү цагийн тооллыг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд хор уршигтай хэмээн үзэж энэхүү тогтоолыг хүчингүй болгосон аж.
Харин энэ жилээс эхлэн жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ