Мөнгөнд улайрсан ачигч, түгжигчдийн уралдаан

/Ачих гэж яарч байгаад мөргөжээ/

Автомашиныг ачих, түгжих үйл ажиллагааны талаар иргэд маш их гомдоллодог. Иргэдийн энэ төрлийн гомдлын дагуу ШӨХТГ-аас энэ асуудлаар шалгалт хийгээд дууссан аж. Гагцхүү улсын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд мэдээлэл хийнэ гэсэн юм. Ийм үйл ажиллагаа явуулдаг компаниудын шударга бус, иргэдийг хохироосон үйлдэл өдөр бүр гарах болсон. Уг нь анх нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн уг ажил одоо цэвэр мөнгөний төлөөх өрсөлдөөн болж хувираад буй. Учир нь тухайн компанийн жолооч, ачигч хоёр журмын хашаанд авчирсан машиныхаа тоогоор урамшуулал хүртдэг юм байна. Нэг машин 14 мянган төгрөг гэх. Тиймээс мөнгөний төлөө улайрсан ачигчид жолоочийг нь мэдэхээс өмнө яаран сандран ачих, яарснаасаа болж бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэх зэрэг үйлдлүүд гаргадаг байх нь.

Энэ талаар зохицуулсан журмыг судлан үзэхэд, тухайн ачлагын компанийн ажилчид нэгдүгээрт, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар, эсвэл төв замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан, түр болон удаан зогсох хориотой тэмдгийг зөрчсөн зэрэг тохиолдолд тухайн машиныг ачих эрхтэй. Тэгвэл хоёрдугаарт, тэдэнд бас үүрэг гэж бий. Тухайлбал, “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу жолооч нарыг 5-10 минут хүлээсний дараа машиныг нь ачих ёстой. Хэрэв машин ачих үед жолооч ирвэл торгуулийг хөнгөвчлөх зэргээр зохицуулсан байдаг. Манайд энэ журам огт хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй биз. Ингээд иргэд журмын хашаанаас машинаа авахын тулд доод тал нь 60 мянган төгрөг төлнө. Үүнээс 55 мянган төгрөг нь Төрийн санд, 5000 нь компанийн данс уруу ордог ажээ.

Тэгвэл дугуй түгжигчдийн хувьд 20 мянган төгрөгийн торгууль авдаг. Энэхүү төлбөр тухайн үйл ажиллагаа явуулсан компанийн дансанд ордог бөгөөд тодорхой хувь нь гэрээний дагуутөрийн дансанд ордог байна. Дугуй түгжих журмыг өнгөрөгч оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Зөрчил гаргасан дугуйг түгжихдээ автомашины жолоочийн талын цонхон дээр лац нааж, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гар утас уруу мессэж илгээхээр заасан байна. Жолооч дугуйныхаа түгжээг тайлуулах гэж холбогдох газраас лавлана, тодруулна, банк орно, дугаарлана гээд цаг, минут урсаж өгнө. Энэ хооронд түгжээтэй машины ард талд нь зөвшөөрөлтэй зогсоолд машинаа байрлуулсан жолооч урд талын машинаа хөдөлтөл хамтдаа гацаж ажил, амьдралаа хойш тавин хүлээхээс өөр аргагүй. Тэгэхээр энд арай өөр зохицуулалт хийх хэрэгтэй байна. Дугуй түгжих журмыг өнгөрөгч оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх журмууд хэрэгжиж эхэлснээс хойш компаниуд хэчнээн их ашиг олсон нь тодорхой. Гагцхүү иргэдийг хохироосон хэчнээн ажилтандаа ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй хэвээр.

Иймэрхүү ашигтай бизнест хошуурч ажиллах хүмүүс мундахгүй. Тиймээс бизнесээ алдахгүйн төлөө гялалзуулах шаардлагатай. Харамсалтай нь үүргээсээ түрүүнд эрхээ ухамсарласан тэдгээр хүмүүсийг чиглэсэн гомдлын мөр өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдний толгойг хэдий болтол илж суух юм бол доо. Ямартай ч иргэдийн төлөө ажилладаг ШӨХТГ-аас эдгээр компаниуд үнэхээр хуулийн дагуу ажиллаж байна уу, аж ахуйн нэгжүүдэд эрх олгосон процесс нь хууль ёсны байсан уу гэх зэргийг шалгасан шалгалтын дүнг харъя.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ