Нийгмийн даатгалаа зөв бөглөгдөж байгаа эсэхийг шалгаарай

Нийгмийн даатгалаа үнэн зөв бөглөгдөж байгаа эсэхийг нягтлантайгаа холбогдохгүй, цахимаар шалгаж болдог. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын “Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалгаж болох юм. Энэ тохиолдолд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулна.
Нийгмийн даатгалаа нягтлангийн оролцоогүйгээр ийнхүү цахимаар шалгах боломж бүрджээ. Ялангуяа хувийн байгууллагуудын хувьдажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тохиолдол элбэг гардаг байна. Үүнээс үүдэн тухайн хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол багагүй гардаг аж.
Зөвхөн тэтгэвэр тэтгэмжнээс гадна банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд нийгмийн даатгалыг баталгаа болгон ашигладаг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна.
Нэгдүгээр сарын байдлаар сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаа юм. Үүний дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуучууд байдаг гэх дүн бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ