Арай л давраад байгаа юм биш үү

Нийтийн тээврийн жолооч, тасалбар түгээгч нар ажил хаялт зарлах гэж байгаад болив. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийнхэн ямар нэг шалтаг, шалтгаан гаргаж ирээд л ажил хаяна гэж айлгадаг боллоо. Ерөөсөө бүхий л зүйл тэдэнд таалагдаж байх ёстой юм гэнэ ээ. Энэ удаагийн ажил хаях гэсэн шалтгаан нь цалингаа нэмүүлэх.
Уг нь автобусны жолооч сая гаргаад, тасалбар түгээгч нь 700 мянга дөхүүлээд авчихдаг юм билээ. Манайдаа бол өндөр цалин. Аль газрын албан хаагчид сая давсан цалин аваад байгаа билээ дээ.Ховорхон л байх. Нөхдүүд ийм өндөр цалинтай хэрнээ дахиад 25 хувиар нэмүүлэх гээд зүтгээд байгаагийнхаа учрыг тайлбарлаагүй биш тайлбарласан.
Учир нь ямар нэг шалтгаанаар цалингийн хасалт ихтэй байдаг юм байх аа. Хасалт ихтэй болохоор цалин нь “нулимс” шиг юм буудаг. Тэгээд хасуулахгүйн тулд жолооч нар нь хоорондоо уралддаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, осол гаргадаг гэнэ ээ. Хэрвээ цалин нь нэмэгдчихвэл энэ бүх байдал өргөс авсан юм шиг арилах учиртай юм байх.
Дээрээс нь автобус нэгтгэл байгуулахдаа үндсэн цалин 70, шагнал нь 30 хувь байна гэсэн гэрээ байгуулсан юм билээ. Тэр гэрээгээ мөрдөхгүй байна гэж “үглээд” байгаа. Ёстой нохой долоо. Үндсэн цалингаа ахиухан тогтоолгож аваад, дуртай, дургүй явж байх санаатай. Харин ч жолооч, тасалбар түгээгчийн цалин хэтэрхий ихдээд байгаа юм биш үү. Өглөө 06:00 цагт гарсан нь өдөр буугаад амарчихна.
Хоёр ээлжтэй. Хэрвээ өөрөө хүсвэл уртаар явж болно гэж байгаа. Энэ мэтээр зохицуулалт байна. Өдрийн найман цаг ажиллаад, цалингаа авчих боломжтой. Өглөө эрт гарсан нь өдөр хариад, унтаж амраад, хувийн ажлаа амжуулаад, юу эсийг хийх билээ дээ. Өдөр гарах нь ч гэсэн өглөө үхтлээ унтаж байгаад босч ирээд, автобусанд сууж, хүн загнаад л явна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ