Банкуудаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж, хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн. Улмаар тухайн байгууллагуудад зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан юм. Эдгээр 9 банкийг нэрлэвэл, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Капитал банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг болно. Уг нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн байдаг. Харин бусад 8 банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэдгомдол гаргасан. Тэгвэл ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан.
Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 3 дугаар сарын 11 өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Ийнхүү Давж заалдах шатанд нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй зээл олгосны шимтгэлтэй холбогдох хэрэгт ШӨХТГ ялалт байгууллаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ