Ялалтын баярын парадад Монгол цэргүүд анх удаа жагсана

Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярт Монголын зэвсэгт хүчний 80 орчим алба хаагчид оролцохоор өнгөрсөн долоо хоногоос бэлтгэлдээ гарчээ. Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс уг жагсаалд оролцох алба хаагчдыг сонгон шалгаруулжээ. Ингэхдээ 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан алба хаагчдыг сонгосон байна. Нийт 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлджээ.
Энэхүү үйл ажиллагаанд ОХУ таван жилийн өмнөөс гадаадын цэргүүдийг парадад алхуулж эхэлсэн аж. Харин энэ жилийн парадад Улаанталбайд 20 гаруй орны 14 мянган цэргүүд оролцох юм байна. Тухайлбал, АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНСУ, Армен, Украин зэрэг улсын цэргийн алба хаагчид жагсах бөгөөд Монголын дайчид анх удаа уг ялалтын баярт оролцох боллоо.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ