Терүнофүжи их аваргатай өрсөлдөж байна

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна.

Башё өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилнэ. Их аварга Хакүхо М.Даваажаргал долоон өдрийн дараа нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол түүнтэй адил эн тэнцүү өрсөлдөж нэг ч унаагүй башёг хошуучилж байгаа өрсөлдөгч нь одоогийн байдлаар мөн л Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ.

Мөн ахмад сүмоч Аминишики гайхалтай барилдаан үзүүлж долоон даваа нэг унаатай башёг үргэлжлүүлж байгаа боловч түүнд түрүүлэх боломж байхгүй гэдэгт бүгд санал нэгдэх бизээ. Тиймээс энэ башёд үзүүр түрүүний өрсөлдөөн мөн л монголчуудын хооронд болох нь тодорхой байна. Олон өрсөлдөгчөө бярдаж, мэхээр илүүрхэн унагаж байгаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмо сонирхогчдын анхааралд байна.

Сэкивакэ цолноос буусан Ичиножёо А.Ичинноровын орыг эзэлж барууны сэкивакэ цолтойгоор барилдаж байгаа Тэрүнофүжи энэ башёд аөндөр амжилт үзүүлвэл дараа дараагийн тэмцээнүүдэд озэки цолны төлөө дайралт хийх боломж олгох юм. Ингэснээр бас нэгэн талын Монголын хүчтэн сүмогийн ертөнцөд өндөр цолыг булаан эзэлж нэр алдраа дуурсгах юм. Өнөөдөр манай сүмочийг хүнд учраа хүлээж байгаа. Тэрээр Кисенасатотой барилдаж давбал тавин хувийн амжилтаа бүгдээс түрүүнд үзүүлэх билээ.

Гэхдээ энэ башёд ганцхан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмо сонирхогчдын дунд шуугиан дэгдээж байна гэвэл эндүүрэл. Сэкивакэ цолоо алдаад байгаа ч маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров нэг их аварга, хоёр озэкиг дараалан унагаснаар олны анхааралд хэвээрээ л байна.

Энэ сарын 11-нд 30 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн их аварга Хакүхо макүүчи зиндаанд 807 дахь ялалтаа авч их аварга Чиёонофүжигийн амжилттай зэрэгцэж ирлээ. Одоо түүний өмнө озэки Кайогийн 879 ялалт бичигдэж байгаа. Сүмогийн түүхэнд эвдэж болохуйц ямар л амжилт байна бүгдийг нь эвдээрэй гэж захисан багшийнхаа захиасыг их аварга маань биелүүлэх нь гарцаагүй. 72 ялалтыг манай их аварга 6 башёд барилдахад л төвөггүй авах юм. Нэг ч унаагүй ялалтын буухиагаа үргэлжлүүлсээр байвал 5 башёгийн 75 даваа ч түүнд чадахгүй гэхэд хэлж боломгүй л амжилт.

Дээд зиндаанд барилдаж байгаа Монгол бөхчүүдийн амжилт:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-1 (Ичиножёод ялагдсан.)
Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-0
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-5
М-1 Ичиножёо А.Ичиннноров 4-3
М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 2-5
М-10 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 2-5
М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 2-5
М-14 Араваши Э.Дөлгөөн 3-4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ