Алт аминд халтай

Алт аминд халтай гэдэг. Алтны хойноос хөөцөлдөх нь ямар ч хүнд араасаа эрсдэл дагуулж ирдгийг энэ үгээр илэрхийлэхээс гадна өөр нэгэн учир бий.

Манай гаригийн 75 хувийг ус эзэлдэг, хүний биеийн 70 хувийг ч ус эзэлдэг. Хүмүүс газрын судас гэгддэг алтыг олборлосноор чандмань эрдэнэ маань мөхөж үгүй болдог.

Тиймээс алт нь дэлхий ертөнцийн ч, бие хүний ч амь болсон усыг ширгэж үгүй болоход нөлөөлдөг гол зүйл учир ийнхүү алт аминд халтай хэмээн өвөг дээдэс маань эрт үеэс ярьж иржээ.

Энэ яриаг түр орхиод өнгөрсөн долоо хоногт засгийн газрын гаргасан нэгэн шийдвэрийн талаар дурдая. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, олборлолтод бэлтгэгдсэн алтны ордны хөрөнгө оруулалтыг судалж, санхүүжүүлэх талаар арга хэмжээ авах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгаж, зохих журмын дагуу хянаж, санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад зөвшөөрөн, санхүүжилтийн оновчтой схемийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Золжаргалд зөвлөсөн байна.

Мөн алтны олборлолтын үйл ажиллагааг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдээс гэрээ байгуулсан тохиолдолд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгажээ.

Үүнтэй холбоотойгоор холбогдон гарах журам, гэрээний загварыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан батлуулах, усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалттай бүсийн хийлийнг заагийг холбогдох хуулийн хүрээнд тогтоох, нөөцийн тодотгол, техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг бүртгэх, батлах, хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгалаа.

Ерөнхийдөө эндээс Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор авч байгаа арга хэмжээ нь алтыг илүү ихээр, бүр ихээр нэмж олборлох явдал юм байна гэж ойлгож болно.

Дээр дурдсантай холбовол аминд халтай алтаар л оролдох нь дээ, цаашлаад Монголын маань гол мөрөн улам илүү аюулд өртөх нь дээ гэж ойлгож болохоор. Үүнээс өөр арга хэмжээ энэ засгийн газарт олдсонгүй дээ гэж бодохоор харамсах сэтгэл төрөх. Тавантолгой, Оюутолгой, Гацуурт, одоо алттай холбоотой бүх ордууд... газар шороогоо ухаж төнхөхийг л яарч, үүнээс өөр гарцгүй мэт ойлгож байгаа засаг төр мөн ч хэцүү еэ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ