Алтанбулаг чөлөөт бүс хүртэл 25 км төмөр зам тавих боломжтой

Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр болох Алтанбулаг чөлөөт худалдааны бүс өнгөрсөн оноос эхлэн байнгын үйл ажиллагаанд шилжин ажиллаж эхэлсэн билээ. Монголын хойд хил дээр байрлах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан байдаг. Тэгвэл тус бүсийг хөгжүүлэх олон талт ажил өрнөж байгаагийн нэг болох салбар төмөр зам барих техникийн нөхцлийг судлан, хамтарсан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 09-нд гаргасан №70 тоот тушаалын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон байна.
Үүнд:
-Ажлын хэсгийн ахлагч Т.Доржжанцан
-Нарийн бичгийн дарга С.Майдар
-Гишүүд Д.Батхүү, Б.Лхагвасүрэн, Ч.Чимэдсүрэн, Ч.Батбаатар, Ч.Дэмбэрэлсайхан, Л.Энхболд нарыг тус тус томилов.

Ийнхүү Сэлэнгээс Алтанбулаг чөлөөт бүс хүртэлх 25 км төмөр зам тавих асуудлаар судалгаа хийн уг ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ.
Манай улсад чөлөөт худалдааны гурван бүс байдаг нь Цагаан нуур, Замын-Үүд, Алтанбулаг юм. Эдгээрээс Алтанбулаг чөлөөт бүс нь дээрх ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо нь хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Харин Цагаан нуур болон Замын-Үүдийн чөлөөт бүс нь газар олголт болон бусад хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан төмөр зам тавих боломжгүй ажээ.

Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ