Орон сууцны төлбөрийн дэмжлэг үзүүлэх журмыг батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх талаар уг төсөлд тусгаад байгаа юм. Төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жилийг харгалзан урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох аж. Журамд орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аар заасан байсныг өөрчилж, үнийн дүнгээр хэмжих хэрэгтэй гэж үзсэн байна.
Харин үдээс хойш үргэлжлэх хуралдаанаар:
-Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
-Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай,
-Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлын эхний хэлэлцүүлэг болно. Дээрх асуудлуудыг 2 дугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэнэ. 2 дугаар хэлэлцүүлгийн товыг өнөөдрийн хуралдааны төгсгөлд тогтох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ