Гарцаар гарч явсан 4 хүүхдийг мөргөсөн осол гарчээ

Хүүхэд зам тээврийн осолд цөөнгүй өртөж байгаа тухай байнга сануулж, анхааруулсаар байгаа. Өчигдөр л гэхэд 7 хүүхэд осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Тухайлбал, гарцаар гарч явсан 4 хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Уг осол Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэй дүүргийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд гарсан бөгөөд Т.Prius маркийн авто машины жолооч Э нь ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэнэ. Осолд өртсөн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр дуудлага өгсөн боловч нэг цаг орчим болоход түргэн ирээгүй тул осол гаргасан жолооч өөрийн машинаараа хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ. Чухам ямар учраас шуурхай түргэн тусламжийн эмч нар ирээгүй нь тодорхойгүй байна.

Энэ мэтчилэн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр сургуульд нь явуулахгүй байх, эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тогтмол заавар зөвлөгөө өгөх, нөгөө талаас зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал сэрэмжтэй явах, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох, гарц болгоны өмнө хурдаа саах зэргээр дүрмээ баримталж явахыг анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ