Сансар эрхэстэй холбоотой нууцалсан баримтууд

Манай Нарны аймаг, одот Орчлонгийн талаар бид бараг өдөр бүр шинэ мэдээлэл олж сонсдог. Гэхдээ л олж мэдсэн олон хачирхалтай баримтуудыг жирийн хүмүүсээс нуун дарагдуулж байдаг гэлцдэг. Сансар бол үнэхээр гайхалтай газар, бидний мэдэх шаардлагагүй ямар зүйлс тэнд болдог юм бол?
“Люцифер” төсөл
“2001 оны сансрын аялал” зөгнөлт кинонд харь гарагийн хүмүүс ер бусын технологи хэрэглэж Бархасбадь гарагийг Люцифер гэж нэрлэгдэх 2 дахь нар болгохоор зорьдог. Зохих хэмжээний температуртай 2 дахь нарыг бий болгосноор түүнийг тойрсон гарагууд дээр амьдрах орчин бий болно. Иймэрхүү маягаар харь гарагийнхан шинэ колони гарагаа бий болгодог тухай гардаг.
Тэгвэл НАСА энэ төслийг амьдрал дээр хэрэгжүүлэх оролдлого хийсэн гэнэ. Гэхдээ тэд үүнийгээ Бархасбадь гарагийн дагуулуудыг хамгаалах төсөл байсан гэж тайлбарладаг. Дэлхийн бичил организмуудаас хамгаалах зорилгоор Бархасбадь гараг дээр автомат аппарат буулгажээ.
Харин энэ нь “Люцифер” төслийг хэрэгжүүлж Бархасбадийг нар болгон хувиргахын тулд радио идэвхт бодисыг ашиглаж болох эсэхийг шалгах зорилготой байсан гэж хуйвалдааны онолчид үздэг.
"Ертөнцүүдийн мөргөлдөөн"- Великовскийн онол
Библи сударт бичигдсэн дэлхийн сүйрэл үнэн хэрэг дээрээ болсон зүйл, энэ нь тэнгэрийн эрхсүүдээс үүдэлтэй гэж үздэг эрдэмтэд олон бий. Жишээ нь, орос гаралтай эрдэмтэн Иммануил Великовский Ангараг, Сугар гарагууд манай Дэлхийтэй зэрэгцэж ирэх үедээ олон гамшиг учруулсан гэж үздэг. Иймээс л Сугар гараг Нарны системийн бусад гарагаас ялгагдаж буруу тийш эргэдэг гэнэ. Сугар гараг Дэлхийтэй мөргөлдсөн нь “Хуучин гэрээ”-нд өгүүлсэн сүйрлийг авчирсан ажээ.
Ангараг гарагийн бүтэмжгүй аялал
Хэдэн жилийн өмнө оросууд Ангараг руу "Фобос-Грунт" сансрын аппаратыг илгээхээр оролдсон. Гэвч энэ аппарат сүйрсэн билээ. Зүглэсэн болгон сүйрч байдаг нь Ангаргийн хараал гэх хүн олон байсан ч, Америкийн HAARP гэх судалгааны төсөл "Фобос-Грунт"-д саад учруулсан гэсэн онол бас байдаг ажээ.
Санчир гараг дээрх 6 талт дүрс
2007 онд НАСА Касини хэмээх сансрын аппаратнаас авсан Санчирын шинэ зургийг олны хүртээл болгосон юм. Энэ зурган дээр гарагийн хойд туйл дахь аварга том 6 өнцөгт тод гарчээ. Хэмжээ нь маш том, дотор нь манай Дэлхий 4 дахин багтана гээд бод доо. Хэн ч үүний учрыг тайлбарлаж чадаагүй байна. “Санчирын нүд”-ийг судалсан зарим эрдэмтэд пирамид, 2 тойрог зэрэг геометрийн бусад дүрсүүдийг ч олж илрүүлжээ. 6 өнцөгтийг хүний гараар бүтсэн гэх хүмүүс ч гарч ирсэн байна.
Саран дээр хөл тавьсан анхны хүн
Хүн саран дээр хэзээ ч очиж байгаагүй, 1969 онд гарсан саран дээрх сансрын нисгэгчийн зураг хуурмаг зүйл байсан тухай маш их шуугиан дэгдсэн юм. Энэ зурган дээр байж болшгүй зүйлүүд их бий. Жишээ нь, агаарын үзэгдэл, гэрэл, хийсэж буй далбаа зэрэг нь уг зургийг саран дээр биш, тусгай талбай дээр авсныг гэрчилдэг гэж эсэргүүцдэг. Саран дээр хүн очсон байлаа ч дээрх зураг сурталчилгааны зорилготой зохиомол зүйл байж болох юм. Түүнчлэн Саран дээр харь гарагийнхны ул мөр олдсоныг олон нийтээс нууцалж байгаа гэсэн онол бас бий.
Хаббл дуран
Саран дээр хүн очсоны эсрэг бас нэг нотолгоо бол Хаббл дуран юм. Хаббл дурангаар Сар бүү хэл алсын галактикуудын зургийг маш тодорхой авч болно. Иймээс дуранг Сар луу чиглүүлж сарнаа явагчдын зургийг нэгд нэгдгүй буулгахад огт бэрхшээл байхгүй. Ингэхгүй л байгаагаас хойш Саранд хүн очсон нь худал болж магадгүй юм. Гэхдээ Хаббл дуран зөвхөн холын зайд л ажиллахаар бүтээгдсэн тул Сарны зургийг тодорхой авч чадахгүй гэж нотлох хүмүүс ч бас бий.
Чурюмов-Герасименко солир дээр зонд буусан тухай
Энэ аварга солир дээр “Филе” аппарат амжилттай газардсан тухай мэдээлж байсан нь саяхан. Харин Европын сансрын агентлагийн өгсөн мэдээнд энэхүү солир дээрээс сонсогдож байсан хачирхалтай дуу чимээний тухай өгүүлжээ. Хуйвалдааны онолчид аппарат солир дээр биш, харь гарагийн биет дээр (ямар нэгэн цамхагийн тулгуур) буусан гэж үзэж байна. Мөн түүний илгээсэн зургийн арын фон дээр Нисдэг таваг байсныг эрхтэн дархтнууд олон нийтээс нууж байгаа гэнэ.
Нарны аймгийн цаг уур өөрчлөгдөж байна
Цаг уур нь хүмүүсийн үйл ажиллагаатай холбоогүй, ердийн замаараа өөрчлөгддөг гэж олон хүмүүс боддог. Гэтэл их хэмжээний дулаарал Нарны аймгийг бүхэлд нь хамарч, уур амьсгал өөрчлөгдөж байна гэвэл яах вэ? Ангараг, Бархасбадь болон бусад гараг дээр ч цаг уурын өөрчлөлт ажиглагдаж байна. Ингэхлээр их хэмжээний дулаарал зөвхөн Дэлхий гараг дээр биш, Нарны аймагт бүхэлд нь болж байгаа аж.
Ангарагийг колончилсон нь
Бид Ангараг гараг дээр очиж суурьших цаг үе гарцаагүй ирнэ гэж ихэнх хүмүүс боддог. Иймээс л тэнд амьдрал боломжтой эсэхийг судлахаар сансрын аппаратуудыг хөөргөсөөр байгаа билээ. Сүүлийн үед Улаан гараг руу нисгэгчтэй хөлөг хөөргөх талаар маш их яригдаж байна. Гэхдээ дэлхийнхэн Ангарагт аль хэдийн очиж суурьшсан байж ч магадгүй. НАСА-ийн ажилтан байсан, нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй “Викинг” аппаратыг Ангараг дээр буулгах ажилд оролцож байсан бөгөөд аппарат руу 2 дүрс ойртон ирэхийг харжээ. Энэ үед холбоо тасарсан тул тэд харь гарагийнхан, эсвэл дэлхийнхэн байсан эсэхийг сайн харж чадаагүй гэнэ.
Дэлхий дээгүүр эргэлдэгч Нисдэг тавагнууд
1-р сард Олон улсын сансрын станцаас шууд нэвтрүүлэг хийж байх үед манай гараг дээгүүр НҮМБ (Нисдэг үл мэдэгдэх биет) гарч иржээ. НАСА шууд нэвтрүүлгийг зогсоож шалтгааныг нь “техникийн саатал” хэмээн зарлажээ. Үнэн хэрэг дээрээ нэвтрүүлгийг яг тэр агшинд зогсоосон нь Дэлхий орчмын тойрог замд олноор тааралддаг харь гарагийн хөлгийг нуух зорилготой байсан гэж үзэж байна. Харин НАСА энэ явдлын талаар огт тайлбар хийгээгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ