Элэгний эмийг 99 хувийн хөнгөлөлттэйгөөр олгоно

Элэг эмтрэхийн зовлонгоос ангижрахыг хүссэн монголчуудын дунд шинэ төрлийн, өндөр үр дүнтэй эмийн хүлээлт үүсээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл өнөөдөр энэхүү үйл ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар Эрүүл мэнд, спортын яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Гантуяагаас тодрууллаа.

-Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа элэгний эм хэр үр дүнтэй юм бэ?

-Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нэн түрүүнд эмийн журманд өөрчлөлт оруулсан. Эмийн хатуу хяналттай Европын холбооны улс орнуудад өндөр технологиор сүүлийн үед хийгдсэн эмүүдийг манай хуучин журмаар бол 2-3 жил эндээ судалж байж бүртгэнэ гэж заасан. Гэтэл олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмж зэрэгт хатуу хяналтан дор үйлдвэрлэгдсэн эмүүдийг шууд бүртгэдэг аргачлал бий. Энэ дагуу сайд журамдаа өөрчлөлт оруулаад энгийн ба түргэвчилсэн гэсэн аргаар эмийг бүртгэх 2 заалт оруулсан. Ингээд хамгийн түрүүнд бүртгэсэн эм бол өнөөдөр 400 мянган хүн өвчилсөн элэгний С вирусийг эмчлэх элэгний эм юм.

Энэ бол өмнө нь судлагдаж байсан Sofosbuvir гэдэг эм. Өнгөрсөн жилүүдэд өмнөх сайд нар хуучин журманд өөрчлөлт ороогүй байсан учраас хугацаа алдаж байсан. Гэтэл энэ хугацаанд буюу өнгөрсөн 2 жилийн хугацаанд Sofosbuvir-ээс илүү үр дүнтэй дараагийн эм гарч ирсэн. Өмнөх эм нь гурвалсан байдлаар хавсарсан эмчилгээ хийж байж эмчилдэг байж. Харин одоо бүртгэх гээд байгаа эм болох Harvoni нь тухайн хүний өвчлөл ямар байгаагаас шалтгаалаад 1-3 сарын хугацаанд тогтмол ууснаар 99 хувь хүртэл эмчлэх өндөр үр дүнтэй эм байгаа юм.

-Үнэ өртгийн тухайд нэлээд хямдралтай оруулж ирнэ гэж байсан. Тэгэхээр манайханд туршиж үзэх гэж байна гэсэн иргэдийн яриа гараад байгаа. Энэ тухайд юу гэж хэлэх вэ? Энэ эмийг хэчнээн оронд хэрэглэдэг юм бол?

-Энэ эмийг Монгол улс эмийн журмаараа бүртгээд оруулж ирэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу сайдаар ахлуулсан ажлын хэсэг АНУ руу яваад "Гилеад Сайнсес" компани дээр нь очиж уулзсан. Тухайн компани олон улсад хүлээх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол дахь элэгний өвчлөлийг эмчлэхийн тулд тус эмийн үнийг 99 хувийн хөнгөлөлттэйгээр Монголд нийлүүлье гэсэн. АНУ-д энэ эм 98 мянган доллар байдаг бол манайд 980 доллараар орж ирэх юм.

Европын холбооны улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн, туршилтаар батлагдсан энэ эмийг Европын 46 улсад шууд хэрэглэж байгаа. Тэгэхээр ийм өндөр өртөгтэй эмийг хямдхан оруулж ирж туршилт хийх гэж байна гэдэг нь тун буруу ойлголт. Харин манайд бүртгэгдээгүй байгаа учраас хүмүүс тийшээ нь очиж, тэндэхийнх нь үнээр авч хэрэглэдэг. Маш олон хүн ингэж эмчлүүлсэн жишээ бий. Ирж, очих зардал, дээрээс нь 98 мянган доллараар авч хэрэглэнэ гэдэг эдийн засгийн хувьд маш хэцүү.

Тиймээс Г.Шийлэгдамба сайд монголд оруулж ирэх нөхцөлийг нь бүрдүүллээ, одоо харин Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тус компани материалаа бүрдүүлээд манай улс руу явуулах юм. Энэ үйл ажиллагааг "Гилеад Сайнсес" компанийн албан ёсны дистрибьютер "Омбол" компани гүйцэтгэж эмээ оруулж ирнэ. Тэд шаардлагатай бүх материалыг бэлдэж байгаа. Товчхондоо, сайд болон ЭМСЯ-ны зүгээс журманд өөрчлөлт оруулах зэрэг бодлогын чанартай ажлыг хийж, эрх зүйн орчныг нь бүрдүүлчихсэн. Харин одоо "Омбол" компани эмээ оруулж ирэх ажлыг хариуцах юм.

-Хүмүүс хаанаас энэ эмийг худалдаж авч, яаж эмчлилгээнд хамрагдах боломжтой вэ?

-Эм орж ирэхээс өмнө бид хүмүүсээ шинжилгээнд хамруулах ёстой. Энэ шинжилгээний ажлыг бүх шатлалын эмнэлгүүд хариуцаж хийнэ. Ерөнхийдөө ирэх долоо хоногоос бүх асуудлыг цэгцлэхээр удирдамж гаргах гэж байна. Элэгний С вирусийн халдварыг эмчлэх удирдамжийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг удирдамжаа боловсруулаад гаргахаар өрхийн эмнэлгээр тараах уу, деспансеруудаар тараах уу гэдэг нэгдсэн ойлголт гарч ирнэ.

Түүний дараагаар өвчтөнүүдээ бүртгэх ажиллагаа явагдах юм. Энд онцлон хэлэхэд яаман дээр хэзээ ч бүртгэл явагдахгүй гэдгийг дуулгах нь зүйтэй байх. Гэтэл өнөөдөр яам өвчтөнүүдээ бүртгээд эхэлчихсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Одоогоор ямар ч бүртгэл явагдаагүй гэдгийг дахин хэлье.

Магадгүй ТББ гэх мэт хувийн байгууллагуудаас судалгаа, шинжилгээний ажилдаа зориулаад С вирустэй хүмүүсийг утсаар, мессежээр бүртгэх тохиолдлууд бий. Үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ хүмүүс утсаар бүртгүүлснийхээ дараа эмээ шууд авна гэсэн ташаа ойлголттой байгаа юм билээ.

-Орон нутгийн иргэд яаж хамрагдах уу?

-Орон нутгийн иргэдийн хувьд сум, багийн эмч нар хүрч үйлчилнэ шүү дээ. Тэгэхээр тэдэнд хүрч ажиллах эмч нарыг бэлдэх, мөн сургагч багш нарыг бэлтгэх зэрэг схемчилсэн нарийн удирдамж гарна. Ингэхээр удирдамжид багтсан заавар, зөвлөмжийн дагуу аль ч нутгийн иргэд хамрагдах боломжтой юм. Гэхдээ одоогоор эм орж ирэнгүүт шууд олгоно гэсэн ойлголт байхгүй.

-Энэ ажил ямар хугацаанд хийгдэх бол? Эм хэзээ ирэх вэ?

-Төлөвлөгөөгөөр бол эмийг энэ сарын эхэнд бүртгэсэн байх болно. Энэ эм нь өндөр зэрэглэлийн эм учраас нарийн горимын дагуу тээвэрлэлт хийнэ. Тэгэхээр багагүй хугацаа орох байх. Долдугаар сард орж ирнэ гэсэн урьдчилсан төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард бүртгэгдээд долдугаар сард орж ирэх байх. Харин энэ хугацаанд бид бүх хүмүүсээ бүртгэчихсэн, шинжилгээгээ авчихсан, эмчилгээг эхлүүлэхэд бэлэн болсон байх ёстой юм.

-Нэгэнт эм бүртгэгдсэн тохиолдолд "Омбол" компаниас өөр байгууллага энэ эмийг оруулж ирэх, дамлах зэрэг асуудал гарвал яах вэ?

-"Омбол" компанитай хатуу гэрээ байгуулчихсан тохиолдолд өөр бусад арга замаар энэ эм орж ирэх ямар ч эрхзүйн орчин байхгүй. Өөрөөр хэлбэл, иймэрхүү эрсдэл гарахгүй байх.

-Хүмүүс вирусээ тоолуулах гэж бас багагүй зардал гаргадаг. Тэгэхээр үүнд ямар нэгэн зохицуулалт хийгдэх болов уу?

-Хувийн эмнэлгүүд, ХӨСҮТ 130-250 мянган төгрөгөөр вирус тоолох оношилгоо шинжилгээг хийж байна. Эмчилгээний өмнө, дундуур, эцэст нь үр дүнг нь харах үүднээс 3 удаа вирусийг тоолох ёстой. Гэтэл тоолуулах болгондоо хүн дээрх мөнгийг төлнө гэдэг маш хүндрэлтэй.

Тиймээс Г.Шийлэгдамба сайд гадны оношилгооны компанитай яриад хямдаар оруулж ирэх боломжийг эрэлхийлж байна. Энэ нь улсын хэмжээнд хийгдэх том хөтөлбөр учраас хувийн болон төрийн эмнэлгүүд бүгдэд нь жигд тогтсон үнийг тогтоохоор мөн ажиллаж байгаа. Хувийн эмнэлгүүд бусад олон төрлийн эмчилгээ, үйлчилгээнээс ашиг орлого олж байгаа юм чинь нийгмийн хэмжээнд асуудал болоод байгаа элэгний өвчлөлийг орон даяар зэрэг дарахын тулд нийгмийн төлөө хийж байгаа ажил гэдэг утгаараа аль болох өртөг багатай, эндээс ямар нэгэн ашиг харахгүйгээр ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавих ажил хийгдээд явж байна.

-Ханшийг нь тогтоосон уу?

-Одоохондоо тогтоогоогүй байна. Ямартай ч дээрх төлбөрөөс илүү хямд нэгдсэн нэг үнээр оношилгоо хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Элэгний эмтэй холбоотой өөр ямар ажил хийгдэх вэ?

-Хэдийгээр Harvoni эмийг 980 доллар гэж байгаа боловч монголчуудын хувьд өндөр үнэ. Нийгмийн эмзэг бүлгийнхэн ихэвчлэн элэгний С вирусээр өвчилж байна шүү дээ. Тэгэхээр 980 долларын тодорхой хувийг нийгмийн даатгалаас гаргахаар холбогдох хууль заалтад өөрчлөлт оруулах асуудал сайдын хүрээний дараагийн шатны ажил болоод явж байна. Хэрэв хэрэгжих нөхцөл нь бүрдчихвэл 980 доллараас илүү хямд өртгөөр худалдаж авах боломжтой болно.

-Иргэдийн зүгээс ямар үүрэг хүлээх ёстой вэ?

-99 хувийн хөнгөлөлттэй үнээр орж ирж байгаа энэ эмээ тогтмол хугацаанд нь тасралтгүй, эмчийн хяналт дор уугаад үр дүнгээ үзэх нь чухал. Манайхны нэг дутагдал бол ямар нэгэн баяр болоход ганц өдөр юм чинь гэж таслаад маргааш нь уудаг. Тэгвэл нэг өдөр л уухгүй бол 99 хувийн эдгэрэл магадгүй нэлээд их хувиар буурах сөрөг талтай. Их нарийн үйлчилгээтэй эм тул нэг ч өдөр өнжиж болохгүй. Иймд бид нийгмийн сэтгэл зүйг бэлдэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх болно. Гэхдээ иргэн өөрөө ухамсартай хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

-Магадгүй эмчлүүлэгч эмээ аваад цааш нь дамжуулах, улмаар худалдаалахгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр үүнийг яаж зохицуулах вэ?

-Үүнийг яг ямар байдлаар хянах талаар тогтсон шийд гараагүй байгаа ч эмчийн хяналтанд уух нь тодорхой. Энэ талаар ярилцаж байгаа. Тухайлбал, өдөр бүр эмч дээрээ очоод тухайн хариуцаж байгаа эмч нь эмчлүүлэгчээ шалгаад, арга хэмжээ авсны дараа эмийг нь уулгаад явуулсан нь дээр гэж ярьж байна. Ерөнхийдөө өрхийн эмнэлгүүд тухайн нутаг дэвсгэрийнхээ оршин суугчдын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг учраас өрхийн эмнэлэг рүү анхаарлаа хандуулах нь илүү үр дүнтэй байх болов уу гэж үзэж байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ