Монгол Улсад маршал цолтон дахин төрөх үү

Монгол Улс 1936 оны энэ өдөр Г.Дэмид, Х.Чойбалсан хоёрт цэргийн дээд цол маршалыг олгосноос хойш 43 жил энэ цолыг хэнд ч өгөлгүй явсаар байгаад 1979 онд Ю.Цэдэнбалд хүртээснээр түүхэндээ гуравхан маршал буюу өрлөг жанжинтай байсаар өнөөдрийг хүрэв.
Ингэхэд маршал гэгч хэзээ хаанаас үүссэн нэр, албан тушаал гэдгийг сонирхож үзтэл сонирхолтой зүйл олж мэдэв. Маршал нь эртний Герман хэлний “адуу, агтчин” гэдэг үгнээс гаралтай ч зарц байснаа аажмаар эзэн хааны агтны даамал болсон хүнийг нэрлэдэг нэршил байж.
Хэдийгээр Франц, Герман, Оросын армид эрт үеэс Генералиссимус цолыг маршалтай дүйцүүлэн хэрэглэсээр ирсэн ч чухамдаа маршал буюу өрлөг жанжин цолыг Монголчууд анх дэлхийн цэрэг дайны урлагт гаргаж ирсэн түүхтэй. Учир нь Чингис хаан есөн өрлөгтэй байсан бөгөөд, Жалайрдайн гоо Мухулай, Жvрчидийн Чуу мэргэн, Арладын хүлэг Боорчи, Сvлдэний Сорхан шар, Урианханы Зэлмэ, Бэсүдийн Зэв, Ойрадын Хар Хирү, Жүрхэний Борохул, Татарын Шихихутуг нарын “есөн өрлөг” Чингис хааны өмөг түшиг болж дэлхийн талыг эзэлсэн их түүхийг бvтээжээ.
Эзэн Чингисээс хойш төрсөн гурван өрлөг жанжны эхнийх нь Монголын ардын хувьсгалт армийн Ерөнхий командлагч байсан Гэлэгдоржийн Дэмид. Энэ хүн маршал болсноосоо хойш ганцхан жил болоод 1937 онд хилс хэргээр цаазлуулсан байдаг. Харин хоёр дахь нь “Чимэг болон хайрлагдсан” Хорлоогийн Чойбалсан байв. Хэдийгээр энэ хоёр хүн нэг өдөр маршал хэмээх эрхэм дээд цол хүртсэн ч түүхэнд Г.Дэмид жанжныг эхлэн авсан гэж бичдэг аж.
Магадгүй түрүүлж энгэртээ өрлөг жанжин цолоо зүүлгэсэн тул тийнхүү ярилцсаар ирсэн байж ч болзошгүй. Монголын ард тvмэнд “Чимэг болон хайрлагдсан” өрлөг жанжин Х.Чойбалсаны хувьд 1952 оны нэгдvгээр сарын 26-нд 57 насандаа өөд болоход “Монголоо өнчрүүлсэн маршал минь хөөрхий” хэмээн бүтэн долоо хоног асгартал уйлцгаан, ёстой л тэнгэр нураад ирэх шиг болсон гэдэг.
Түүнээс хойш Ю.Цэдэнбал 1979 онд өрлөг жанжин болж 1991 оны дөрөвдүгээр сарын 20-нд таалал төгсөх хүртлээ 12 жил өрлөг жанжны мөрдөстэйгөөр Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн түүхтэй.
Монголчууд ХХ зууны 1936 оны энэ өдөр Г.Дэмид, Х.Чойбалсан хэмээх хоёр маршалтай болж байсан нь ХIII зуунд дэлхийн талыг морин дэл дээр түвшитгэн захирч явсан их эзэн Чингисийн есөн өрлөг жанжнаас хойшхи анхны хоёр өрлөг жанжин төрөн гарсан түүхэн өдөр өнөөдөр ийнхүү тохиож байна. Харин хойшид Монголын армиас хэдэн маршал буюу өрлөг жанжин төрөн гарахыг одоогоор таахын аргагvй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ