Хүүхдүүд эмэнд хордоогүй гэв

ЭХЭМҮТ-д гэрээгээр эм нийлүүлдэг “Монос” группийнхэн эмчийн жорын дагуу “Ланадексон” эмийг нийлүүлэх ёстой атал андууран “Ланасорбид” эмийг нийлүүлснээс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд хордлогод орсон гэх мэдээлэл хэвлэлээр нийтлэгджээ. Энэхүү мэдээллийн дагуу “Монос” группйин Маркетингийн албатай холбогдож тодруулахад “Эмийг эмчийн бичсэн жорын дагуу, өвчтөний нас, жинд тохирсон тунгаар олгох ёстой хүмүүс нь тухайн эмнэлэгт байгаа. Энэ үүргийг хүлээсэн хүмүүс нь хяналтаа тавиагүйгээс асуудал үүссэн байх. Эмийг тендерээр оруулж ирсэн компани нь “Монос”. Хэвлэлд “Монос” буруу эм нийлүүлснээс хүүхдүүд хордсон мэт нэг талыг барьсан, ташаа мэдээлэл гарсан байна. Ийм асуудал огт байхгүй. Одоогийн байдлаар манайд энэ талаар албан ёсоор мэдээлэл, албан бичиг ирээгүй байна” гэх хариулт өглөө.
Харин ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрөөс тодруулахад “Ноцтой зүйл болоогүй. Хүүхдүүд хордоогүй. Биеийн байдал хэвийн байгаа” гэсэн юм.
Хэвлэлд гарсан мэдээллээр Ланадексон эмийг харшил, амьсгалын замын болон арьс, цусны өвчний үед хүүхдэд хоолны өмнө хоногт дунджаар 0.0833-0.333 мг/кг-аар сүүгээр даруулж уулгах заавартай аж. Харин Ланасорбид эмийг зүрхний архаг дутмагшлын үед 10-20 мг-аар өдөрт 2-3 удаа бусад эмтэй хавсран хэрэглэдэг юм байна. Гэтэл харшилын зориулалттай эмийн оронд зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй эм уусан хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрч, яаралтай арга хэмжээ авсан гэнэ.
С.ОТГОН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ