Путины залгамжлагч агуу бүтээн байгуулалт төлөвлөжээ

Ирээдүйн нэгэн гайхамшигт бүтээн байгуулалтын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Дэлхийн бөмбөрцөгийн бараг талыг дамнасан 20777 километрийн урттай хурдны автозамыг ОХУ барих болсон тухай "Сибирь таймс" сайтад анхлан нийтэлснийг иш татан CNN, BBC, AP, Bloomberg зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. "Оросын төмөр зам"-ын дарга Владимир Якунин Английн Лондон хотоос эхлээд Москва, Сибирээр дамжин Америкийн Аляск муж, Нью-Йорк хот хүрэх супер хурдны зам барих төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Энэхүү шинэ замыг алдарт Транс-Сибирийн төмөр замыг дамнуулан, газрын тос болон хий дамжуулах хоолойн хамт барих нь улс орнуудыг холбосон цоо шинэ сүлжээ үүсгэх өндөр ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Зөвхөн оросын баруун хилээс зүүн хил хүртэл барих зам нь л гэхэд ойролцоогоор 10 мянган км үргэлжилнэ. Энэ нь тус улсын алслагдсан бүс нутгуудыг төв замтай холбох, харилцаа холбоог сайжруулах, бүс нутгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ зах зээл нээх зэрэг өндөр ач холбогдолтой.
В.Якунин "Энэ бол улс хоорондын маш том төсөл. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дэлхийд тэргүүлж буй болон хараахан амьдралд нэвтрүүлээгүй байгаа технологиудыг ашиглах болно. Европ Ази тивүүд хуурай замаар Америк тивтэй холбогдоно гэдэг бол тал талын өндөр ач холбогдолтой" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Үнэхээр ч энэ зам амжилттай баригдаж дуусвал өмнө нь зөвхөн онгоцоор л очих боломжтой байсан улс орнуудын иргэдэд, ялангуяа томоохон онгоцны осол сүйрлүүд нэмэгдэж агаарын тээвэрт иргэд итгэл алдрах болсон энэ цаг үед өргөн боломж болж нээгдэх юм.
Энэ зам Европын хэд хэдэн орнууд, ОХУ, Азийн мөн хэд хэдэн орнуудаар дамжин Берингийн хоолойгоор дамжин Америк руу нэвтэрнэ. Схем зургаас харахад Монгол улсын нутгаар дайран өнгөрөхгүй ч хойд хилтэй тун ойрхон өнгөрөх юм.
Хуурай газраар олон мянган км үргэлжилсэн зам Оросын Алс Дорнодын хамгийн захын бүс болох Чукоткд хүрээд далайд тулж очино. Энэ замыг Берингийн хоолойгоор Алясктай хэрхэн холбох вэ гэдэг нь хамгийн их сонирхол татаж байна.
Сибирь, Аляскийг тусгаарлаж буй энэхүү далайн хэсгийн туннел, гүүр эсвэл гатлага онгоцын алинаар нь холбох вэ гэдэг асуултын хариултыг хараахан өгөөгүй байгаа юм.
Хоёр эх газрын хоорондох зай хамгийн ойр газраараа 88 км-ийн зайтай хэмээн Аляскийн олон нийтийн газрын мэдээллийн төвөөс уламжилжээ. Энэ 88 км усан зайг л холбочих юм бол дэлхийн талыг холбосон агуу замыг барихад саад болоод байх зүйл бараг үлдэхгүй.
Энэ зам баригдсанаар Аляскийн харьцангуй тусгаарлагдсан Имяг улсын автозамын системтэй нь холбон Фэрбэнкээс эхлээд Канад, АНУ-ын 48 муж улсыг нэг замаар холбох юм.
Мэдээж хэрэг энэ агуу бүтээн байгуулалтад толгойд багтамгүй их тоо бүхий санхүүжилт хэрэгтэй. Уг төслийг хэрэгжүүлэхэд хэдэн их наядаар тоологдох ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба үүнийг хэрхэн босгохоо В.Якунин тодорхой мэдээлээгүй юм.
Харин олон улсын тоймчид В.Якуниныг Оросын ерөнхийлөгч В.Путинтэй тун ойрын найзууд. Тиймээс түүнийг В.Путины залгамжлагч нь болж, дараагийн Ерөнхийлөгч болно хэмээн таамаглаж байна. Хэрвээ В.Якунин ОХУ-ын ерөнхийлөгч болчихвол энэ замыг барих хөрөнгийг шийдэх эрх мэдэлтэй болж, хамгийн агуу том бүтээн байгуулалтыг өөрийн нэрээр хийнэ хэмээн таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ