Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 1-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын эхний өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бүхий л салбарын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, харилцааны түвшин иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэсэн юм. Цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ч мөн санал солилцсон байна. Түүнчлэн хоёр улсын хоорондын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ