Д.Идэрзаяад 25 жилийн ял оноов

Шар хадны эцэст хоёр охины аминд хүрсэн Д.Идэрзаяаг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өчигдөр боллоо. Түүнд шүүхээс 25 жилийн хорих ял оноож, 20 жилийг нь гянданд, 5 жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Хэргийг эргэн санавал Баянзүрх дүүрэгт хоёр эмэгтэйн зэрэмдэглэсэн цогцсыг иргэд олж цагдаагийнханд мэдэгдсэн бөгөөд уг хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжихшөнө гарсан билээ.
Тус дүүргийн Шархадны бааранд үйлчлүүлж байсан хоёр охин нэгэн залуутай танилцаж, улмаар Шархаданд байрлах залуугийн гэрт очсон байдаг.
Тэдний дүрс ойролцоох дэлгүүрийн камерт бичигдсэн нь хэрэгтнийг олоход нэмэр болохуйц чухал баримт болсон байна.
Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс иргэд хоёр охины цогцос олж, цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн аж. Цагдаа нар цогцосны ойролцоогоос хөл, гарыг нь олсон бөгөөд тэр даруй уулын орой, энгэрийг нэлээд самнасны эцэст охины толгойг айлын хашаанаас олсон аж.
Ийнхүү тус дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны дүнд хэрэгтнийг 11-ний өдөр барьж саатуулсан байна. Хэрэгтэн дүүтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг үйлдсэнийхээ дараа дүүгээ аван зугтаж, Эрдэнэт хотод очиход нь түүнийг баривчилжээ.
Амиа алдсан охид Сонгинохайрхан дүүргийн Толгойтод оршин суудаг байжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ