Бурхан Халдуны явдал олон улсын сонорт хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт хэт үндсэрхэг үзэл хор уршигтай гэдгийг онцлоод Монгол Улс нээлттэй, найрсаг харилцаатай улс байх ёстой хэмээн мэдэгдсэн тухай болон ер нь сүүлийн жилүүдэд Монголд нео-нацист бүлэглэлүүд гадаадын иргэдийн эсрэг хэт үндсэрхэг үзэл гаргах болсон тухай Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Энэ бол мөнөөх л Бурхан Халдун уулнаа хэсэг өвөрмонгол, хятад нийлсэн нөхдийг "чангалсан" манай сайн эрчүүдийн дэгдээсэн дуулианы ул мөрөөр олон улсад дэгдэж эхэлсэн шуугиан. Нийслэлийн захирагч өөрийн биеэр уучлал гуйгаад, ерөнхийлөгч нь хүртэл онцолж хэлсэн, улмаар Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлэхдээ "Бид гадныхныг хардаг нүдээ өөр болгохыг онцгойлж байна.

Монголд ирж байгаа гадны хүмүүсийг бидний сайн сайхны төлөө мөнгөө энд үрэхээр ирсэн хүмүүс, хөрөнгөө энд үлдээхээр ирсэн хүмүүс гэж шинээр харж сурцгаая.

Тайландчууд гудам талбайд улаан, шараараа тэмцэлдэж байсан ч үндэсний дийлэнх орлогоо бүрдүүлдэг аялал жуулчлалын салбараа унагахгүйн тулд тэмцэлдэгч талууд ч тэр, цэрэг цагдаа нь ч тэр гадаадын жуулчдыг хориглох нь байтугай гар хүрэхгүй гэдгээ байнга илэрхийлж байсныг анзаарсан л байх.

Би эх орондоо хайртай гэж манайхны зарим шиг хоосон цээжээ алгадахаас илүү, эх орноо бодсон бодлого, илүү эх орончид гэж үүнийг л хэлэх байх" хэмээн сануулж дөнгөж амжтал ийнхүү олон улсын хэвлэлүүдээр цацагдаад эхэлжээ. Ганц Синьхуа агентлаг ч бус Оросын хэвлэлүүдээр бүр хаа газрын Израйль улсын вэбсайтуудад хүртэл "Монголын нео нацистууд хятадын жуулчдад халджээ" гэсэн гарчигтай нийтлэгдэж эхэлжээ.

Уг мэдээлэлд дурдагдсанаар “Гуравдугаар сарын 28-нд БНХАУ-ын хэд хэдэн иргэн Монголын зүүн нутгийн Хэнтий аймгийн Бурхан халдун ууланд авирч байхад тус улсын нео-нацист үзэлтэй “Хөх Монгол” бүлэглэлийнхэн халдсан хэрэг гарчээ. Тэд хятад жуулчдын нэгийг өвдөг сөгдүүлэн газар суулгасан байна.

Жуулчид дээрх хэрэг явдлын дараа Хятадын Элчин сайдын яаманд хандаж, улмаар нутаг буцсан байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хятадын жуулчдад халдсан асуудалтай холбогдуулж пүрэв гарагт албан ёсоор уучлалт гуйсан ба тэрбээр ёс суртахуунгүй үйлдлийн төлөө би БНХАУ-ын иргэдээс албан ёсоор уучлалт гуйж байна хэмээн мэдэгджээ" хэмээн бичжээ.

Харамсалтай нь сүүлийн үед Монгол улсад нео нацистуудын үйлдэл идэвхжиж байгаа нь аялал жуулчлалын салбарт хортой нөлөө үзүүлж байна хэмээн тэнд тодорхойлоод амжиж. Ерөнхийлөгч нь хэт үндсэрхэг үзэл хор уршигтай, Монгол Улс нээлттэй, найрсаг харилцаатай улс байх ёстой гэдгийг онцолсон хэдий ч бодит байдалд ийм байна хэмээжээ.

Нөгөө талаар ингэж олон улсын хэвлэлд гарах хүртэл дуулиан болгож сенсацласан нь манай олон нийтийн сүлжээнийхэн. Ер нь Бурхан Халдунд очиж очиж тэд юу ч хийж явсан юм, элдэв бүлгэмийнхэн байг гэхэд баргийн монгол эрчүүд эцэг өвгөдийн шүтээн уулаа харамлах нь тодорхой л байв.

Үүнийг л дуулиан шуугиан болгож, тэр бүү хэл улстөрчид хүртэл оролцоод эхлэхээр олон улсын хэвлэлүүд тэр дундаа өмнөд хөршийн мэдээллийн хэрэгслүүд зүгээр өнгөрөхгүй нь тодорхой байсан.

Тэгэхээр ер нь ийм явдлыг дахин гаргахгүй байх талаар хаа хаанаа анхаарсан нь зүйтэй. Үндсэрхэг үзэлтнүүд ч элдвийн асуудалд тэр бүр оролцоод байдаггүй, олон нийтийн сүлжээнийхэн ч бүхнийг дэвэргэж сенсацлахгүй, улстөрчид ч оролцоод байдаггүй. Нэг ёсондоо ийм асуудалд олгой хагарвал тогоон дотроо гэгчээр дор дороо л бодолцсон нь цаашлаад эх орны нэр хүндэд ч сэв суухгүйг бид харлаа.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ