Фэйсбүүк дүүг чинь хүртэл үхүүлж байна

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа хэмээн ухаант ард минь нэгэнтээ хэлсэн байдаг.
Үнэхээр л хүүхдийн цав цагаан цаас мэт оюун, мэлмийг анх ямар өнгөөр дүрсэлж өгснөөс шалтгаалж ирээдүйд хэн болж, хэрхэн амьдрахад нь чухал нөлөө үзүүлдэг. Энэ ч утгаараа монголчууд бид хайраа дотроо нууж, халаа гаднаа гарган үнэн боловч хатуу үгсээр зааж сургаж, зөв сайхан үйлээр үр хүүхдээ үлгэрлэн өсгөдөг.
Гэвч дэлхий ертөнц глобалчлагдаж, техник технологи өдрөөс өдөрт хөгжихийн хирээр хүн төрөлхтөн бидний хоорондох амьд харилцаа үгүй болж, сэтгэх орон зай, хязгаараа хайрцаглаж мэдлэг мэдээллийг зурагт компьютерийн дэлгэц ширтэж, ухаалаг тодотголтой утас тоншин авахыг илүүд үздэг болжээ. Өөрөөр хэлбэл, бид ухаанаа хөгжүүлэн ном сонин уншиж, уулзаж нөхөрлөх, амжуулах ажлаа ч амар хялбар аргаар гүйцэтгэхийн тулд сошиал ертөнц буюу цахим ертөнц тэр дундаа фэйсбүүк, твиттер зэрэг хуудсуудыг ашиглах нь ихэссэн.
Энэ нь эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй сайн хэрэг боловч сайны хажуугаар саар гэгчээр үүнээс шалтгаалан гарч буй гэмт хэрэг цаг минут тутам тоогоо нэмсээр байна. Өнөөдөр найман настай балчраас 80 настай буурай хүртэл фэйсбүүк хэрэглэдэг болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Харамсалтай фэйсбүүк хэрэглэгчдийн ихэнх хувийг өсвөр насны буюу шилжилтийн насны охид хөвгүүд өдөр шөнөгүй донтон ашиглаж байна.
Үүнийгээ дагаад цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байдаг байна. Манай улсын хувьд интернэт орчинг хэн нэгэн, хариуцаж хянадаг байгууллага байдаггүйгээс бидний ирээдүй болсон хүүхэд багачуул маань насны хязгаарлалтгүй кино, дүрс бичлэг үзэж, цаашлаад эрээ цээргүй зан авир гарган, эрхэлж тоглох насан дээрээ элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархиа угаалган итгэж, зарим нь айж эмээж торниж байна.
Түүнчлэн сүүлийн үед цахим хуудсуудаар бусдын нэр төрд халдсан, үнэн худал нь үл тогтоогдсон мэдээллүүд цацагдах нь ихэссэн бөгөөд олон нийтэд мэдээлэл түгээх хуудас гэдэг утгаараа хүмүүст буруу ойлголт өгч нийгмийг цочирдуулдаг байна. Харин зарим өсвөр үеийнхэнд “ингэж” болдог юм байна гэсэн буруу сэдлийг өгч байгаа нь харамсалтай.

Саяханы нэгэн жишээ татвал, ажлын чөлөө цалингийн урьдчилгаа авахын тулд дүүгээ гадуур явж байхдаа бусдад үл мэдэгдэх тариагаар тариулж, улмаар амиа алдсан гэж худлаа заль зохиосон нэгний балгаар уг мэдээлэл цахим ертөнцөд хуурай өвсөнд гал өгсөн мэт газар авсан.
Улмаар гэрээсээ гарахаас айсан хүүхдүүд, үр хүүхэддээ санаа зовсон эхийн санааг амрааж энэхүү мэдээлэл худлаа болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон.
Энэ мэтчилэн худал мэдээллээс гадна элдэв хов жив постолж, амьдралынхаа агшин бүрийг цаг алдалгүй тоочиж, амьхандаа бусдад гайхуулах гэж фэйсбүүктээ оруулсан зурагныхаа гайгаар гэмт хэрэгтний анхааралд өртөж, хохирсон тохиолдол ч байдаг байна. Энэ талаар жишээ дурьдах нь ч илүүц биз.
Эцэст нь энэ бүгдээр хэвлэн нийтэлж, үгээ хэлэх эрх чөлөөнд тань халдах гэсэн юм биш. Би ч интернэт, цахим хуудас, фэйсбүүк ашигладаг. Гагцхүү энэхүү хэдэн өгүүлбэрээрээ энхрий үрс чинь юу хийж, хаана явж, хэнтэй найзалж, хэдэн цагаар интернэттэй нөхөрлөж байгааг хэсэгхэн хором ч гэсэн саатан сонирхож байхыг анхааруулах гэсэн сэрэмж, дохио өгөхийг хүссэн юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ