Америкчууд үнэндээ ингэж амьдардаг

Хүн бүр л америк мөрөөдөл хэмээж тэнд оччихвол гайхалтай бүхэн хүлээж байгаа мэт төсөөлдөг. Гэтэл бидний төсөөлж мөрөөддөгөөс тэс өөр амьдралаар амьдарч байгаа сая сая хүн бий. Саяхан гаргасан нэгэн судалгаагаар нийт америкчуудын 20 сая нь зөөврийн байшинд буюу чиргүүлд амьдарч байгаа ажээ.
Кинон дээр гардаг шиг аялж явахдаа л энэ зөөврийн байшинд амьдардаг биш, тэд үнэхээр байшин худалдаж авах нь бүү хэл түрээслэж суух ч мөнгөгүй учраас иймэрхүү чиргүүлд амьдарч байна.
Америкчуудын хувьд ийм толгой хоргодохоромж томоохон асуудлуудын нэг бөгөөд манайхаар бол гэр хорооллын чинээнд хүрсэн асуудал болоод буй. Энэ бүхэн нь Америк мөрөөдлийн орон биш ээ гэдгийг харуулах нэг томоохон шалтгаан болж байгаа. Хэт өндөр татвар, зээлийн хүү, ажлын байрны олдоц зэрэг нь ядуурлыг нэмэгдүүлэх томоохон шалтгаан болжээ. Гэхдээ хэрхэн шийдэх арга нь төдийлөн тодорхой биш.
Чиргүүлэн гэртнүүд дулаахан газруудад гэрээ зөөж аваачдаг. Тэднийг хотын төвөөр мэдээж байрлуулахгүй учир хотын захад голын эргийн ойролцоо болон тусламжийн сүмүүдийг бараадан байрладаг.
АНУ даяар явуулсан ядуурлын судалгаагаар зөөврийн гэрт амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь Өмнөд Каролина мужийнхан байсан аж.
Түүнчлэн тус муж хамгийн их ядууралтай мужаар нэрлэгджээ. Өмнөд хэсгийн мужууд илүү ядуурал ихтэй байсан нь судалгаагаар нотлогдсон юм. Харин нутгийн хойд хэсгийнхэн харьцангуй ядуус багатай. Зөөврийн сууц нь нийт орон сууцны 6.8 хувийг эзлэх болжээ. 2011 оноос хойш энэ тоо мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн хэмээн Дюкийн их сургуулийн эдийн засгийн факультетийн хийсэн судалгаа харуулж байна.
Түүнчлэн нийт америкчуудын 57 хувь нь урт хугацааны зээл болон түрээсийн байшинд амьдарч байна. Харин 23 хувь нь ямар нэг өр зээлгүйгээр өөрийн байшиндаа амьдарч байгаа. Зээлийн байранд амьдрагсдын орлого тийм ч өндөр биш бөгөөд дундаж орлогод хамаардаг хүмүүс байдаг гэнэ.
20 метр кв хүрэхгүй чиргүүлд амьдарна гэдэг мэдээж хүндхэн асуудал. Гэхдээ чиргүүлээ сайхан тохижуулсан хүмүүс ч бий. Хэд хэдэн чингэлэг нийлүүлж хоёроос гурван унтлагын өрөө, гал тогоо тэр ч бүү хэл зочны өрөө гаргасан байдаг. Бага зардлаар тохитой амьдарч болох энэ хувилбарыг 1930-аад оноос бодож олжээ. Гэхдээ ядуу тарчиг амьдралд зориулаагүй бөгөөд зөвхөн амралт зугаалга, холын аянд тухтай явах үүднээс чиргүүлэн гэрийг санаачилсан хэрэг. Гэтэл хожмоо ядуусын хамгийн хялбар сонголт болсон нь энэ аж.
Америкчуудын амьдрал баян ядуугийн туйлд хүрч байгаа нь хэний ч нүдний өмнө илт байна. Түүнчлэн судалгаагаар тус улсын нийт хүн амын зөвхөн нэг хувь нь туйлын баян, чинээлэг амьдарч байгаа.
Харин үлдсэн 99 хувь нь дунд ба дундаас доогуур орлоготой амьдар байгааг харуулжээ. Тэдгээр 99 хувийг эзэлж байгаа хүмүүсийн дунд мөн 19 орчим хувь нь цалин нь хангалттай байдаг гэнэ. Харин үлдсэн хүмүүс нь хангалуун амьдарч чадахгүй байгаагаа хэлсэн байна. Тэдгээр бага буурай орлоготой хүмүүс цалингаа ихэвчлэн байрны урт хугацааны зээл болон түрээст өгч таардаг гэнэ.
Судалгаагаар 1927 оноос хойш иргэдийн орлогын зөрүү ийм их хэмжээнд хүрч байгаагүй юм. Орлогын зөрүү одоогоос гурван жилийн өмнөөс эхлэн илт мэдэгдэхүйц ажиглагдаж эхэлсэн. Орлогын буурай байдалд байр орон сууцны үнэ хэтэрхий нэмэгдсэн нь ихээхэн нөлөөлж байгаа. Тиймээс бидний төсөөлдөг мөрөөдлийн орон бас тийм ч хүсүүштэй биш гэдэг нь олон зүйлээр батлагдаж байна.









Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ