Э.Бат-Үүл: Би хэвлэл мэдээллийг шүүх, цагдаад өгч үзээгүй

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Цензургүй яриа" нэвтрүүлгээр оролцжээ. Хотын мэр олон асуудлаар цензургүй ярьсаны дотор нэгэн зүйл сэтгүүлчдэд тун элгэмсүү сонсогдсон нь лавтай.

Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хэзээ ч шүүх, цагдаагаар явж зарга заальхай хийж үзээгүй бөгөөд хойшид ч ийм асуудалд орооцолдохгүй гэнэ.

Байсгээд л хэвлэлийнхний эсрэг гар доорх цагдаа цэргээ хөдөлгөж, нэр хүндэд халдлаа хэмээн зарлаж байдаг дүүргийн олон хурган дарга нар нь Э.Бат-Үүл даргаасаа ичсэн болов уу.

Тэднийг хотын мэртэй харьцуулахад үнэхээр том хүн том л байдаг гэмээр. Нэр хүнд, алдар цууг нь бодсон ч, иргэдийнхээ дэмжлэгийг авах тал дээр ч Э.Бат-Үүл ямар ч дүүргийн засагтай харьцуулшгүй. Улсын баатар хүний нэр алдрыг хурган дарга нарынхтай харьцуулах гэсэнгүй.

Гэхдээ хамгийн болохгүй бүтэхгүй зүйлтэй орооцолдож улсын төсөв хөрөнгийг замбараагүй цацлаж суудаг эрхмүүдийн нэр алдар гайхалтай эмзэг байдаг нь хачирхмаар. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдгийг мартсан тэд цаг нь ирэхээр өөрсдөө асар их мөнгөний хэрэгт татагдаж шүүхийн хаалга татдаг нь жам гэмээр болсон цаг.

Тиймээс засаг дарга хотын мэрээс үлгэр жишээ авч алдар хүндийнхээ төлөө чөлөөт хэвлэлтэй дайтаж суухаа больвол яасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хэвлэл мэдээллийг шүүхэд өгөхийн эсрэг байдаг бөгөөд улстөрчдөд энэ тухай захиж суудаг. Ардчиллын үнэт зүйлсийн нэг болсон чөлөөт хэвлэлийг хүндэтгэдэг цөөн хэдэн улстөрчиддөө хэвлэлийнхэн ч бас ээлтэй хандах хэрэгтэй мэт.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ