"Гэгээн муза"-д ээж, охин 2 нэг номинацид өрсөлдөнө

Драмын урлагийн хөгжил дэвшил, уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг “Гэгээн Муза” наадам энэ жил 12 дахь удаагаа ирэх 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн наадмын нэр дэвшигчид хэдийнэ тодорсон бөгөөд тэдний дунд нэг номинацид ээж, охин хоёр өрсөлдөх гэж байгаа нь сонирхол татлаа. Тодруулбал, "Шилдэг тайзны зураач" номинацид Н.Батбилэг "Танихгүй эмэгтэй захидал" жүжгээрээ нэр дэвшсэн бол эл төрөлд түүний охин Л.Цэрэндулам "Хайрт минь би чамайг хүлээж байна" жүжгээрээ өрсөлдөхөөр болжээ.

Ийнхүү нэг төрөлд өрсөлдөж буй ээж, охин хоёрын тухайд Н.Батбилэг УДЭТ-ын үйлдвэр, техникийн хэлтсийн даргаар ажилладаг юм. Харин түүний охин Л.Цэрэндулам нь "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны УЗГ-ээр ажилладаг. Тэд Монголын тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд өөрсдийн авъяас билэг, хүч хөдөлмөрөө гайхуулан ажиллаж урлагийн салбартаа төдийгүй үзэгч түмнээ хүндлэгдсэн байдаг ажээ.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ