Дэлхий Монгол руу ирж явна

Дэлхий Монгол руу ирж явна

Ирэх жил Монгол Улсад “олимп” болно. АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 53 орны төрийн тэргүүнүүд хүн төрөлхтөний өмнө тулгамдсан глобал асуудлуудыг хэлэлцэх юм. НҮБ-ын чуулганд хүртэл ийм олон орны төрийн тэргүүнүүд цугладаггүйг бодвол энэ нь яах аргагүй улс төр, гадаад харилцааны олимп билээ.

Евразийн эх газарт оршдог Ази, Европ хоёр тив нь дэлхийн түүхийн цөм, хүн төрөлхтөний соёл иргэншлийн өлгий учраас цэнхэр гаригийнхаа өмнө тулгарсан асуудлыг шийдэх зүй ёсны гол хүчин. Тиймээс Ази, Европын олон орны тэргүүн, төр засгийн төлөөллүүд Монголд цуглаж цэнхэр гаригийнхаа асуудлуудыг хэлэлцэнэ гэдэг нь манай улсын хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд түүхэнд цоо шинэ хуудас нээж Монголыг дэлхий дахины анхааралд оруулах юм. Туулын хөвөөнд цуглах олон орны төлөөлөгчдийн ард түмнүүдийг нэгэн тугийн дор хурааж Евразийн эх газарт байж болох хамгийн том гүрнийг үүсгэж явсан цор ганц үндэстэн нь монголчууд. Нэг ёсондоо Европ, Азийн хувь заяаг их хуралдайгаараа хэлэлцэж явсан монголчууд найман зууны дараа хоёр тивийнхээ хуралдайг Туулынхаа хөвөөнд хийх эрхээ өвөртөлчихөөд байгаа нь бахархууштай. Сүүлийн жилүүдэд үнэхээр дэлхийд бид очиж,Монголоо дэлхийтэй холбож чадсан бол одоо харин дэлхий Монгол руу ирж явна.

АСЕМ бол дэлхийн хүчний тэнцвэржүүлэлт

АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалт анх 1994 онд Францын Ерөнхий сайд Эдуард Балладур, Сингапурын Ерөнхий сайд Го Чок Тонг нарын санаачлагаас үүссэн гэдэг. Ази, Европ хоёр тив дээд хэмжээнд харилцан асуудлаа хэлэлцэх механизмтай болох ёстой” хэмээх түүхэн тохиролцоонд хүрснээр улмаар 1996 оны гуравдугаар сард Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо Анхдугаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж тус хамтын ажиллагааны үйл явц бий болсон юм.

Нөгөө талаар Ази-Европын дээд хэмжээний уулзалт нь хоёр тивийг холбох суваг болохоос гадна стратегийн хувьд анхнаасаа Атлантын нөгөө талын хэт давамгайллыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн олон улсын томхон механизм болон өргөжиж ирсэн.

АСЕМ үүсэн буй болсон үеэс эхлэн дэлхий дахины өмнө тулгамдаад буй глобаль асуудлууд болох үй олноор хөнөөх зэвсгийг хэрэглэхгүй байх, хүний хөгжлийн эх сурвалж болох эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, түүний хангамж, хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал болон хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, даяарчлалын “өвчин” болоод буй улс хоорондын шилжилт хөдөлгөөний урсгал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмын эсрэг тэмцэх зэрэг асуудалд үйл ажиллагаагаа голлон чиглүүлсээр байна.

Мөн эдийн засаг, санхүүгийн тулгамдсан асуудлууд болох худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын санхүүгийн системийг бэхжүүлэх, санхүүгийн хямралаас сэрэмжлэх, түүнийг даван туулах, улмаар санхүү, мөнгөний салбарт Ази-Европын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдлыг анхаарлынхаа төвд байлгаж, хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг нийгэм, соёл, боловсролын хүрээнд идэвхжүүлэх нь тус уулзалтын үндсэн үзэл баримтлал юм.

20 жилийн ойгоо Ази, Европ Монголд тэмдэглэнэ

1996 оноос өнөөг хүртэл АСЕМ Дээд хэмжээний уулзалтаа хоёр жил тутамд Ази, Европт ээлжлэн зохион байгуулж ирсэн ба 2014 онд Италийн Милан хотноо болсон аравдугаар уулзалтаас дараагийн 2016 оны буюу АСЕМ-ийн 20 жилийн ойн 11-р уулзалтыг зохион байгуулах хүндтэй эрхийг Монгол Улс авсан билээ.

Тэр үед Миланд 50-иад орны төр, засгийн тэргүүнүүдийг дагаж 5000 гаруй хүн хуран чуулж, тэднээс гадна дэлхийн таван тивийн мянга мянган хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд цугласан тухай тоо баримт гарсан.

Тэгвэл 2016 онд Улаанбаатарт Европоос Их Британи, Австри, Бельги, Болгар, Чех, ОХУ, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Румын, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Азиас БНХАУ, Энэтхэг, Япон, Казакстан, БНСУ, Лаос, Малайз, Мьянмар, Пакистан, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг 53 орны төр хувийн хэвшлийн төлөөлөгчид, сэтгүүлчдээс гадна бусад Хойд Өмнөд Америк, Африк, Номхон далайн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлахаар цуглана.

Өмнө нь зохион байгуулж байсан 10 орныг дурдвал8 1996 онд Тайланд, 1998 онд Англи, 2000 онд Өмнөд Солонгос, 2002 онд Дани, 2004 онд Вьетнам, 2006 онд Финлянд, 2008 онд Хятад, 2010 онд Бельги, 2012 онд Лаос, 2014 онд Итали улс тус тус зохион байгуулсан аж.

Харин тус байгууллагын 20 жилийн ойд дээд хэмжээний уулзалтыг Монгол улс зохион байгуулахаар бэлдэж байна.

Өнгөрсөн 2014 оны дээд хэмжээний уулзалтаар. Итали улс, Милан хот

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казакстаны Ерөнхийлөгч Норсултан Назарбаев нар

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон

Казакстаны Ерөнхийлөгч Норсултан Назарбаев, Германы канцлер Ангела Меркель, Украины ерөнхийлөгч Петр Порошенко

Италийн ерөнхий сайд Маттео Рензи, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Казакстаны Ерөнхийлөгч Норсултан Назарбаев

Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Латвийн ерөнхийлөгч Андрис Берзинс

Украины ерөнхийлөгч Петр Порошенко

Италийн ерөнхий сайд Маттео Рензи

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн ерөнхий сайд Маттео Рензи

Германы канцлер Ангела Меркель, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ