Хүүхдийн аллага Монголд гаарлаа

Харамсалтай л байна. Ингэж гарчиглахаас өөр арга алга. Гашуун үнэнийг хатуухан хэлбэл хаа хаанаа анхаарах болов уу? хэмээн бодогдлоо.

Энэ орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг зүүний үзүүр дээр арвай буудай тогтохтой адил их хувь заяа гэж монголчууд билэгшээж ярьдаг. Ассан зул бөхдөгийн адилаар насан эцэслэж, энэ хорвоогоос буцах нь хүний амьдралын жам ёсны бичигдээгүй хууль. Гэтэл өнөөдөр энэхүү дээдийн амь нас, хувь заяа хэн нэгний гарт нүд цавчихийн төдийд замхарч үгүй болж байгаа нь харамсалтай. Хүүхэд гэдэг эцэг эхийн хайраас мэндэлж, газарт буусан сахиусан тэнгэр гэлтэй инээд хөөр, баяр баяслыг хаа сайгүй түгээж явдаг цагаахан ертөнц.

Гэтэл өнөөгийн хатуу хахир, хайрлаж энэрэхийн умартсан нийгэм, хариуцлагагүй эцэг эхээсээ болж хүний хорвоогоос үрс минь дэндүү эрт буцаж буй нь сэтгэл эмтэрмээр. Эрхэлж тоглож, бал бурманд бялуурах насан дээрээ булан тохойд зогсож, буруу зөвийг ялгаж чадахгүй бодолдоо айдас тээн бяцхан биеэндээ зодуур амсаж байгаа нь аймшигтай. Ийм л гашуун дурдатгалтай хэргүүд ар араасаа гарч олон ээж аавын сэтгэлийг шархтай, нүдийг нулимстай үлдээсэн. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь эдгээр бяцхан зүрхнүүд ээж аав гэх нэр зүүсэн асран хамгаалагчдаас улбаалж зогссоор байна. Хоёрхон хоногийн өмнө гуравхан настай бяцхан хүү төрсөн эцэгтээ зодуулж амиа алдсан гэх хэрэг гарчээ. Юуг буруу хийж, ямар хэрэг тарьсандаа тэр бяцхан хүү гарын шүүс болж,амиа тасартал зодуулна вэ? Энэ зөвхөн амиа алдсан үрсийн хамгийн сүүлийн жишээ. Энэхүү хэргээс өмнө аавынхаа гарт, ээжийнхээ дэргэд амиа алдсан хүүхдийн тоо аль хэдийн хуруу даран тоологдохоор болчихсон.Нийгэмд хамгийн их цочрол өгч, нийт монголчуудын сэтгэлийг шимшрүүлэн одсон 4 настай охины хэргийн үнэн зөв шийдэгдэж, зохих хариуцлагыг хүлээлгэж амжаагүй байхад бас нэг бяцхан хүү аавдаа амиа булаалгажээ.

Энэ сарын 31-ны өдөр Увс аймагт дөрөвхөн настай охин хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарав. Охиныг 50 орчим насны Балт гэгч хүчирхийлсэн нь тогтоогджээ. Тодруулбал, охины ээж гэртээ ирэхэд охиных нь бэлэг эрхтнээс цус гарсан байсан бөгөөд Балт, “Цагдаад хэлбэл гэр бүлээр чинь ална шүү” хэмээн хутга тулган сүрдүүлээд гарсан тухай зарим сайтаар мэдээлжээ. Гэмт этгээд Балтыг Баян-Өлгий аймгаар дамжин ОХУ руу оргон зугатах гэж байхад нь баривчилсан байна. Юутай ч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дөрөвхөн настай охин хүчирхийлсэн жигшүүрт хэргийн дуулиан дуусаагүй байтал энэ сарын 4-ны өдөр СХД-т есөн настай охин хүчирхийлсэн хэрэг гарсан. Хэргийг 1994 онд төрсөн, 21 настай залуу үйлджээ. Гэмт этгээдийг саатуулан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Охин хагалгаа хийлгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Гадаадын кино зохиол дээр л гардаг тэр аймшигт дүрслэл хүчирхийлэл өнөөдөр монгол эх оронд минь та бидний амьдарч буй нийгэмд тохиолдоно гэж хэн ч зүүдлээгүй биз.

Цахим сүлжээгээр нэгдсэн хүмүүс 4 настай бяцхан охиныг эцсийн замд үдэж, түг түмэн зул өргөж буян ном хураасан. Үүний дараа мөн л цахим хуудсын ээж нар групп үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч буйд бухимдан энэ хэрэгт төр засгийг анхаарлаа хандуулахыг хүсэж Чингисийн талбайд жагсаал ч хийсэн. Харин төр, хуулийн байгууллага ямар ч хариу өгөөгүй. Өнөөдөр ч чимээгүй л байгаа. Таван толгой, Оюу толгой гэхээр ам уралдан ярицгаадаг “томчууд” маань харин энэхүү хэргүүдийн хажуугаар нүдэн балай чихэн дүлий өнгөрсөн. Тавхан алхаад л хүүхэд хүчирхийлүүлж, амиа алдаж байхад тэд юунд ингэж аниргүй байна вэ? Хүүхдийн гэх тодотголтой Хүүхдийн төлөө газар ч хийсэн зүйлгүй, гараа хумхиад суусаар л байх уу? Өнөөдөр нийгэм даяараа эдгээр аймшигт хэргүүдэд цочирдож, зүрх шимшрэн суугаач энэ мэтчилэн хэргүүд мөр мөрөө даган гарсаар л байх юм бол ирээдүйд хэнд ч айдас түрүүлэхээ болиж, дасал болохвий гэхээс л эмээх юм.

Д.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ