11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ

"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу маргааш Эрх чөлөөний талбайд 11.00 цагаас зохион байгуулах гэж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг өдрийг хоёр дох жилдээ зохион байгуулах гэж байгаа аж.
Энэ өдөр сурагчдын дунд "Замын хөдөлгөөн миний нүдээр" уриан доор зохиогдсон зохион бичлэгийн болон уран зургийн уралдааны эздийг тодруулна. Мөн тухайн өдөр төв зам дагуу буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний гарцууд дээр хүүхдүүд уриалга бүхий санал хүсэлтүүдээ бичсэн самбар барьж зогсох ба “Зоос гоёл”-ын үүднээс Эрх чөлөөний талбай хүртэл оюутан, сурагчдын жагсаал болох аж.
Дэлхий даяар өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг байна.Манай улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 29,7 хувиар өссөн байна. 2015 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хүйсийн байдлаар авч үзэхэд 51,4 хувь нь эмэгтэй, 48,6 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ