Бяцхан охиныг хөнөөсөн Г.Маралмаад цаазын ял оноож магадгүй

Таван настай жаалхүүг хойд эцэг нь заазуурдсан, дөрөвхөн настай бяцхан охин хойд эх, төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан, одоо бүр "залуужиж" гурван настай үрээ төрсөн эцэг нь модон сандлаар зодож хөнөөсөн гээд хүн битгий хэл мал адгуус ч үрээ хайрлаж хамгаалдаг байгалийн зөн совин, төрөлх хүн чанараа мартсан мэт аймшигт хэргүүд Монголын нийгмийг цочоосоор.

Жаахан хүүхдийг юу ч болоогүй мэт машинаараа алгуурхан дайрч буй хятад жолоочийн бичлэгийг бид үзээд муусайн хужаа нар хэмээн зэвүүцэж байсан нь саяхан даа. Гэрчлэх бичлэг нь байсан бол дээрх хүн төрлөө мартсан адгууснуудын бичлэгийг онлайнд тараавал монголчууд чинь хүн биш зэрлэгүүд юм байна гэх ойлголто дэлхийд тарах байсан биз.

Уг нь монголчууд балчир үрсээ хамгаалж, хүмүүжүүлэх хаана ч байхгүй нандин уламжлалтай ард түмэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдэд эцэг эх, эмээ өвөө нь эсгий үнэг хайчилж муу юмнаас балчир үрдээ анхны хамгаалалтыг нь хийж өгдөг. Айж цочвол, шөнөөр уйлвал ширгэлж домнодог, харуй бүрийгээр бор халзан туулай болгож хөөддөг гээд уламжлал, заншил болж үлдсэн домыг гурван нас хүртэл нь хүүхдэдээ хэрэглэсээр ирсэн нь нэг ёсондоо нялх үрсээ хамгаалсан хайрын илрэл юм.

Тэгвэл бор халзан туулай болгох наснаасаа ч хэтрээгүй бяцхан үрээ төрсөн эцэг нь зодож хөнөөнө гэдэг сонссондоо харамсаж, ой гутаж, шаналсандаа үхмээр мэдээ. Ийм мэдээ байсгээд л гарна. Хэзээ ч зогсох юм бүү мэд.

Социализмын үед ярьдаггүй, дардаг байснаас гарч л байсан хэрэг гэж зарим хүмүүс элдэв гэмт хэргийн талаар ярьдаг. Гэхдээ ийм бузар хэрэг мануусыг жаахан байхад огтхон ч гардаггүй байсныг, монгол хүмүүс мөс чанартайгаа, ардынхаа нандин уламжлалыг гээж амжаагүй байсныг эмээ өвөө нарын ярианаас хол ойрын элдвийг л сонсож өсөхдөө огт дуулаагүй ээ.

Холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд зөвхөн одоо шуугиулж байгаа хэргийн тухай ярихаас илүүтэй цаад уг үндсийг нь олохыг хичээж, ад зэтгэрт хорлогдсон мэт ийм хэргүүд ямар шалтгаанаас болж гараад байгааг тодруулахыг хичээх нь зүйтэй мэт.

Хүүхдийг хүчирхийлдэг, хөнөөдөг хэрэгт оноох ял шийтгэл нь багадаад байна уу, хэрэв тийм бол нийгмээр нь заналхийлж, айлгаж цочроосон хэрэгтэй адилтган олны өмнө шийтгэдэг, хороодог болгож хуулиндаа өөрчлөх үү, ямартай ч хуульзүйн салбарт хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зоригтой шинэчлэл хийхгүй бол болохгүй болсныг хаа хаанаа л ойлгож байгаа байх.

Дашрамд, нийгмийг цочирдуулсан дөрвөн настай охиныг хөнөөсөн хэргийг Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэхээр завдаж байгааг дуулгая. Охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжигтнээр татаж ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.

Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэсэн бөгөөд тус заалтуудад бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэлнэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд дөрвөн настай охины амийг хөнөөсөн гол буруутанд тооцогдож байгаа бололтой, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар ял оноож магадгүй бөгөөд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ гэж заажээ. Магадгүй Г.Маралмаад цаазын ял оноож ч мэдэх, Хэдийгээр Монгол улс цаазын ялыг түдгэлзүүлсэн орон боловч хуулиндаа ийм ял оноох зүйл заалт нь хэвээр байгаа билээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ