Монгол цэргүүд Улаан талбайд жагсана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар өнөөдөр Агуу их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт улсаа төлөөлөн оролцож Москвагийн Улаан талбайд алхах дайчдын жагсаалын бэлтгэлтэй танилцав.
Тэдгээр дайчид монгол цэргийн нэр хvндийг дэлхийн тvвшинд үнэлүүлэх тул бэлтгэлээ маш сайн хангах ёстой гэдгийг энэ үеэр албаны хүмүүс сануулж, үлдсэн хугацаанд улам чамбайруулахыг захив.
Парадад оролцох манай цэргүүд Москва хотноо 15 хоног байрлах бөгөөд энэ хугацаанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөхийн тулд хүн бүр хувийн зохион байгуулалт сайтай байх нь нэн тэргүүний асуудал гэдгийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав онцгойлон захисан юм.
Манай улсаас энэ удаагийн Ялалтын жагсаалд 75 цэргийн алба хаагч оролцож байгаагийн 63 нь Зэвсэгт хүчний, 12 нь Хилийн цэргийн алба хаагч бол 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэргийн алба хаагч оролцож байгаа ажээ. Мөн бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлний зохих шатны мэдлэгтэй юм байна.
Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ