Хандивын машинууд нутгийн зүг зорьжээ

Алтайн сүрлэг уулсаар хүрээлүүлсэн Баян-Өлгий аймаг бол ачит аав минь нойрсох, азай буурал ээж минь суугаа өлгий нутаг. Би тэнд өсөж торнисон. Харин Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт төрсөн юм билээ. Удахгүй Өлгий хотын гудамжаар улаан, цагаан, цэнхэр гурван өнгийн машин сүлжилдэн давхих болно. Улаан нь гал унтраах, цагаан нь түргэн тусламжийн, цэнхэр нь хог хаягдал цуглуулах машин.
Хувь хүний хэрэгцээнийх биш, нийтийн зориулалтын эдгээр машинуудыг миний бие япон анд нөхдийн дэмжлэгээр Өлгий нутагтаа хүргэж байгаа нь энэ. Унааны хомсдолоос болж эмнэлэгт хүрч чаддаггүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч амждаггүй тохиолдол олон бий. Миний илгээсэн машин нь өвдөж зовсон нутгийханд минь хөл болж, зорьсон газарт нь цаг алдалгүй хүргэх хурдан хүлэг болох болтугай.
Баян-Өлгий аймгийн Нисэх буудал нь 2-оос дээш гал унртаах машинтай байж олон улсын нислэг хийх төдийгүй онгоц бууж хөөрөх стандартыг хангах аж. Учир иймээс гал унтраах машин эрсэн хэрэг. Хэлж ирдэггүй гал түймрээс ямагт сэрэмжтэй байж, эрсдэлд тулгарсан үед орчин үеийн гал сөнөөх машин бэлэн байхыг ерөөлөө. Өлгий хотын Засаг дарга Ө.Хабай гэж хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө идэх хоол, унтах нойроо хугаслан яваа эрхэм бий.
Түүний хүсэлтийг хүлээн авч хог хаягдал цуглуулах, тээвэрлэх зориулалтын машиныг хайж олж билээ. Өлгий хот анх удаа ийм унаатай болж буй. Аймгийн Засаг дарга Х.Дармен, ИХ-ын дарга Б.Лазатхан нар эдгээр 3-н машины тээврийн зардал, гаалийн татварын зардлыг гаргаж өгсөнд талархал илэрхийлж байна. Ингэж дэм дэмэндээ явбал ажил хурдан бүтэж, хүн зоныг баярлуулж, улс орноо хөгжүүлж бид чадна шүү дээ.
Миний нутгаа гэсэн өчүүхэн сэтгэлийн өргөлийг Өлгий түмэн тун удахгүй хүлээн авах болно /машинууд Улаанбаатар хотоос гарч, Өлгий рүү мордсон байна/. Намайг хүний зэрэгт хүргэсэн, буурал ээж минь суугаа уугуул нутагийхандаа би туслах ёстой гэсэн бодлоо тээсээр байх болно. Харин би улс төрийн хаалгыг татахгүй хэмээн шийдсэн.
Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куланда



СЭТГЭГДЭЛ БИЧИХ