Улаан талбайд жагсах хөх Монголын цэргүүд

Монгол цэрэг түүхэндээ анх удаа Улаан талбайд Ялалтын баярын жагсаалд оролцоно. Энэ тухай дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна. Энэ удаагийн буюу Ялалтын 70 жилийн ойн баярын парадад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун оролцож, анх удаагаа гадаад оронд хөл тавьж айлчлал хийнэ гэдэг мэдээлэл олон улсын анхаарлыг хамгийн ихээр татахын сацуу Азийн орнуудын зэвсэгт хүчин Улаан талбайд жагсана гэдгээрээ онцлог хэмээж буй.
Тухайлбал дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын талд хамгийн үнэнч холбоотон нь байсан Монгол болон империалист Японы эсрэг тулалдаж байсан Энэтхэгийн армийн анги нэгтгэл тус тус жагсах тухай олон улсад мэдээлж байна.
Тэгвэл Улаан талбайн парадад жагсах Монгол цэргүүдийн бэлтгэлийг өчигдөр шалгасан нь хэвлэл мэдээллийн анхааралд өртөв. Телевиз, сонин, сайтуудаар цацагдсан монгол цэргийн бэлтгэлийн тухай мэдээлэлд уншигч, үзэгчдийн сэтгэгдэл тийм ч таатай бус.
Аливаа улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, төрийн сүр хүч, цэрэг дайчдын жавхаалаг байдлыг дүрэмт хувцас бүхий цэрэг эрс илтгэн харуулдаг. Монгол Улсад цэрэг арми үүссэн цагаас тусгай дүрэмт хувцастай байж, бусдаас ялгарах, дайтах ажиллагаа зөвхөн цэрэг хүний үйл бөгөөд энгийн номхон ард үүнд үл хамаарна хэмээх агуулгыг илтгэн хүүхэд эмэгтэйчүүд, энгийн хүмүүсийг тэднээс ялган, хороон устгах, дайнд хэлмэгдэхээс сэргийлэх ухааныг эртнээс бодож иржээ.
Нөгөө талаар тусгай тэмдэг хэрэгслээр цэргийг удирдаж буй хүнийг ялгаруулж ойлгуулах утга санаагаар малгайд эвэр хадах, нөмрөг өмсөх гэх мэтээр тусгайлан ялгажирсэн байдаг.
Өнгөрсөн зуунаас тусгаар тогтносон БНМАУ-ын Монгол ардын журамт цэрэг, Монгол Ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчин хэмээн нэрлэгдсэн бүхий л үе үеийн байлдагч, сурагч, сонсогч, ахлагч, офицер, генералуудын ёслолын, албаны, хээрийн, тусгай зориулалтын дүрэмт хувцас, цол тэмдгийн өөрчлөлт, шинэчлэлтийн түүх арвин аж.
Харамсалтай нь сүүлийн үеийн дүрэмт хувцасны шинэчлэл олон нийтийн санаанд төдийлөн нийцэхгүй байгааг хэвлэлээс хангалттай анзаарч болох. Арми төдийгүй цагдаагийн хувцас хүртэл сүр сүлдгүй болж өөрчлөгдөж байгаа тухай бид бичсээр ярьсаар ирсэн.
Энэ л сэдвээр дамжуулан Ялалтын баярын парадад жагсах монгол цэргийн дүрэмт хувцасны сонголт ямар байх ёстой вэ, хэр оновчтой байна вэ гэхчлэн уншигчид сэтгэгдлээ уралдуулсаар байна. Мөн дүрэмт хувцаснаас гадна цэргүүдийн жавхаалаг байдлыг бүрэн илтгэсэн бэлтгэл сургуулилт дутмаг байна хэмээн олон нийт шүүмжилж байна. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ л Улаан талбайд Ази тивийн төлөөлөл, аль эсхүл Монголын арми гээд л өндөр нам, тарган туранхай нөхөд жагсаад өнгөрвөл бас л эвгүй дэгээ.
Нэгэн цагт дэлхийг донсолгож, багахан модон суурин байсан Москваг шатаагаад өнгөрч байсан монголчуудын өнөө цагийн зэвсэгт хүчний сүр сүлд, дүрэмт хувцас нь ямархуу юм болоо хэмээн сонирхох гадаадын иргэд бас ч гэж байх нь дамжиггүй.
Тиймээс зэвсэгт хүчнийнхэн маань Ялалтын баяр хүртэлх хугацаанд бэлтгэл ажиллагаагаа өндөр түвшинд ханган оролцож, омог бахдал төрүүлэх бизээ.

Зургийн тайлбар: Ялалтын 70 жилийн ойд оролцох Энэтхэгийн зэвсэгт хүчний жагсаал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ