18 айлын гэрийг үнс болгосон галыг даржээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны өдөр гарсан ой хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт үргэлжлэн гарсныг онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэд хамтран өнгөрсөн шөнө бүрэн унтраасан байна. Түймэр Түмэнцогт сумын төв рүү нэг км орчим ойртсон бөгөөд түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгаас зургаан бүлэг, Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн гурван бүлэг, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсээс гурван бүлгийг дайчилжээ.
Хэдийгээр хүн хүчний хүрэлцээ болон техник хэрэгсэл хангалттай байсан ч өчигдөр 17:00 цагийн үед салхины хурд 18-25 м/сек хүрч, чиглэл өөрчлөгдсөн нь түймрийг унтраахад багагүй хүндрэл учруулсан байна. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байгаа ч Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатсан гэнэ. Тэдгээр айлд улсын нөөц сангаас гэр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр гэрийг ачуулан хүргүүлэх аж. Азаар хүний амь нас эрсдээгүй боловч иргэд угаараар амьсгалан тун хүндрэлтэй байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатжээ. Түүнчлэн ОХУ-аас хээрийн түймэр гурван удаа хил давж орж ирсэн байна. Ой хээрийн түймрийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1.3 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ