Индианчуудын зүүд манагч монгол охидын хэрэглээ болж эхэлжээ

Ямар нэгэн араатанд хөөгдөж, өндрөөс унаж, үхэж байна гэх мэтээр хар дарж таны зүүд эвгүйддэг үү? Түүнчлэн та амттай сэрэмгүй сайхан зүүдээ эргээд санадаггүй юу? Тэгвэл Dream catcher буюу зүүд манагчийн талаар таны мэдлэгт дусал нэмье.

Зүүд манагч бол уугуул америкчууд буюу индианчуудын, тэр дундаа Ожибвэ омгийнхны хамгийн гайхалтай өв уламжлалын нэг билээ. 1960-1970-аад оны үед энэ нутгийнхны дунд үүссэн энэхүү бяцхан эд олон тооны домог яриа дагуулдаг.

Зарим нь энэ бол зүгээр л уугуул америкчуудын эв нэгдлийн бэлгэдэл гэхэд үлдсэн нь хүний зүүдний ертөнц дэх хамгаалагч гэж үзнэ. Энэ нь унтаж буй хүнийг муу муухай зүүднээс хамгаалж, өөрөөрөө дамжуулан сайн сайхан зүүдийг л бэлэглэх чадалтай. Сайхан зүүд зүүд манагчийн голд байх нүхээр дамжин орж, доош унжсан өд сөдөөр гулсан унтаж буй хүнд хүрдэг учиртай. Харин муу муухай зүүд аалзны тор мэт утсанд хүлэгдэн үлдэж, нарны анхны туяанд замхран алга болдог. Зүүд манагч нь хэдэн үе дамжин уугуул америкчуудын өв соёлын нэгэн хэсэг байсаар байгаа юм.

Энэ нь мөн бүслүүр, цагирагнаас үүсэлтэй гэгддэг. Учир нь цагираг бол тухайн оронд хүч чадал, нэгдмэл байдлын илэрхийлэл болдог. Цагирагнаас үүсэлтэй олон бэлэг тэмдэг байдгийн нэг нь энэхүү зүүд манагч юм.

Нэгэн сонирхолтой домог яриа өгүүлэхэд “Эртний индиан омогт Асибикааши хэмээх аалзан эмэгтэй амьдардаг байжээ. Тэр бяцхан хүүхдүүдийг хамгаалж, тэдэнд анхаардаг байв. Гэвч индианчууд нутаг сэлгэж, Хойд Америкийн тал нутгаар амьдрах болсноор аалзан эмэгтэй хүүхэд бүрт хүрч чадахаа байжээ. Тиймээс эмээ нар, ээжүүд ийм нэгэн аалзны торыг илэрхийлсэн манагч хийж, үүгээрээ аалзан эмэгтэйг орлуулан гэртээ байлгадаг болсон гэнэ.

Зүүд манагчийн тухай ийм нэгэн домог Америкийн угсаатны зүй судлаач Франсес Дэнсморийн “Чиппэва” номонд тэмдэглэгдсэн байдаг юм.

Мөчир, булчин шөрмөс, өд сөд гэх мэт зүйлээр хийдэг байсан эртний зүүд манагчид ихэвчлэн шинэ төрсөн хүүхдэд өвөө эмээгээс нь уламжлагдан ирдэг байсан бөгөөд нэг талаар анхны эд хогшил нь болдог байжээ. Шөнийн агаарт сайн муу зүүд бүхэн холилдон байдаг бөгөөд сайн зүүднүүд нь аалзны тор мэт зүүд манагч дундуур хэрхэн гарахаа мэддэг гэж тэд үздэг юм.

Харин ч өд бүхний хөнгөн хөдөлгөөн улам илүү сайхан зүүд дуудах чадалтай байхад муу зүүд улам бүр төөрөлдөж, өглөөний нарны туяанд яг л бяцхан шүүдэр шиг хайлан алга болдог хэмээн домогт бичжээ. Тиймээс өвөө эмээ нар бяцхан хүүхэд унтаж байхад зүүд манагч хөдлөх нь сайн сайхныг зүүдэлж байна хэмээн баярладаг.

Мөн залуу хосууд гэрлэхэд аз жаргал ерөөж зүүд манагч хийж бэлэглэдэг уламжлал ч байжээ. Эрт үед бол зүүд манагчийг уд модны мөчрөөр урладаг байсан бөгөөд Америкийн газар нутагт олноор ургадаг улаан уд модыг ялангуяа их ашигладаг байв. Ийнхүү уд модоор цагираг хийж, ургамлын иш, амьтны булчин шөрмөсөөр тор урлан, шар шувууны өд өлгөдөг байжээ. Харин орчин үед үүнийг байж болох бүхий л материалаар урлаж, зөвхөн орны толгойд гэлтгүй зочдын өрөөнд, толины тусгал хүрэх газарт, машиндаа, гоёл чимэглэлд хэмээн хаа сайгүй хэрэглэх болсон.

Мөн энэ нь уугуул америкчуудын нэгдмэл байдлын илэрхийлэл болж аялал жуулчлалд ч өргөнөөр хэрэглэгдэж байна. Энэ гайхалтай домгийн эд зүйл ямар ч цаг үед бидний сонирхлыг зүүдний ертөнц онцгой ихээр татаж, амьдралд нөлөөлж байсны тодорхой жишээ билээ.

Манай улсын хувьд ч зүүд манагчийг өсвөр насны охид шүтэж, түүгээр ч барахгүй зүүд манагчийг хийж, худалдаалдаг болжээ. Бид зүүд манагчийн талаар чөлөөт цагаараа захиалгаар хийж худалдаалдаг Н.Халиунаа охинтой хэдэн хором ярилцсан юм.

- Dream catcher хэдэн төрөл байдаг вэ? Ихэвчлэн ямар хүмүүс сонирхдог вэ?

- Хүзүүнд зүүх, хананд өлгөх, бугуйвч хэлбэрийн гэх мэтээр өөрийн хүсэл сонирхолд тааруулж хийж хэрэглэж болдог. Яг үндсэн нь нэг л төрөл байдаг. Ер нь ихэнх хүмүүс маш их сонирхдог захиалдаг. Зарим охид хар дараад байна эндээс авья гэдэг бол зарим нь өрөөгөө чимэх зорилгоор авдаг.

- Насны хувьд?

- Ихэвчлэн 8-16 насны буюу өсвөр насны охид их сонирхдог. Мөн найз охиндоо бэлэглэх гээд авдаг хөвгүүд ч байдаг.

- Чиний хувьд яагаад зүүд манагчийг хийе гэж бодсон бэ?

-Би өөрөө их муухай зүүд зүүдэлж, муу зүйл их боддог байсан. Тэгээд хүмүүс надад зүүд манагчийг авчих, сайн байдаг юм билээ гэж хэлж байсан. Судлаад үзэхэд хийхэд ч амархан, гоё үзэмжтэй болохоор нь хийж сурсан. Тэгээд хийж чаддаг зүйлээ яагаад хар дардаг, зүүд нь эвгүйддэг мөн үеийнхээ охидыг хүслээ биелүүлэхэд нь туслаж болохгүй гэж бодоод хийж эхэлсэн дээ.

- Сард хэдэн зүүд манагч хийлгэе гэсэн захиалга орж ирдэг вэ? Түүнчлэн өдөрт хэд зарагддаг вэ?

-Янз янз даа. Хүмүүс захиалахаар л бид хийдэг. Ойролцоогоор сард 10-аад захиалга орж ирдэг. Гадуур зүүд манагч хийдэг хувь хүмүүс олон байдаг болчихсон байна лээ.

- Нэг зүүд манагчийг хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?

- Дээр хэлсэнчлэн бугуйвч, зүүлт гээд үнэ нь өөр болчихдог. Гэхдээ ихэнх нь 4000-22000 төгрөгийн хооронд байдаг.

- Манайд хийх материал нь хэр олдоцтой байдаг вэ? Зүүд манагч хийхэд юу юу ордог вэ?

- Мэдээж цагирган төмөр, бүдүүн утас, голын чимэглэл, өд, өд тогтоогч зэргээр хийдэг. Материал олдоц ихтэй шүү. Ихэвчлэн “Бөмбөгөр” худалдааны төвөөс авдаг. Харин зарим өдөө Америкаас захиалж авдаг.

- Хэрэглэх ёс жаяг гэж байдаг уу? Энд тэнд өлгөх ёстой гэсэн зааварчилгаа ч юм уу?

- Хамгийн гол нь тухайн хүний итгэл үнэмшлээс нь шалтгаалдаг. Ер нь зүүд манагчийг дээр өлгөдөг. Унтдаг орныхоо эсвэл хаалганы дээр, цонхноосоо дүүжлээд өлгөсөн ч болно.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ