Монголдоо казинодмоор байна

Монгол Улсад Казино байгуулах асуудлыг тав дахь удаагаа хэлэлцэж байна. Анхны хуулийг 1998 онд баталсан ч нэр бүхий гурван гишүүнд хариуцлага тооцсоноор энэ хуулийг 1999 онд хүчингүй болгож байв. Үүнээс хойш 2007 онд А.Бакей нарын гишүүд, 2009 онд Д.Загджав нарын гишүүд, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Казиногийн хуулийг санаачилж байсан бол энэ удаа Ч.Сайханбилэгийн танхимын санаачлагаар батлагдах магадлал их байна.

Казино байгуулснаар хууль санаачлагчид ажлын байрыг шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гарах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Мэдээж хэрэг казино нь эерэг сөрөг хоёр талтай бизнес.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казиногийн үүрэг өндөр. Таван жилийн дараа буюу 2020 онд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавиад байгаа мөртөө манайх шиг онгон зэлүүд байгалаас өөр үзэх харах зүйлгүй орондказино байгуулах нь нүдээ олсон шийдэл.Гэхдээ сайны хажуугаар саар зүйл ч бий. Казиногоор мөнгө угаах гэмт хэргийн гаралт өсөх төдийгүй асар их мөнгөний урсгал дагасан элдэв төрлийн гэмт хэрэг гардаг нь жам гэмээр.

Энэ бүхнийг хуулиндаа маш нарийн, тодорхой шийдэл гаргаж зааж өгснөөр казиног дагасан гэмт хэргүүдээс сэрэмжилж болох юм. Казиногийн хуулинд монголчуудын хамгийн их анхаарал татсан заалт бол Монгол Улсын иргэнийг тоглохыг хориглосон заалт. Хэдийгээр боловсон хүчний тал дээр 100 хувь монголчууд байна гэж зааж байгаа ч 21 нас хүрсэн гадаад улсын иргэд л казинод тоглоно гэсэн заалт нь иргэдийн төдийгүй парламентын гишүүдийг талцуулаад байгаа юм.

Хориг тавьсаныг хууль санаачлагчид тайлбарлахдаа нийт хүн амын 40 хувь нь доогуур орлоготой, казиногийн тухай ойлголт багатай тул хамаг байдгаа тавиад туучихвал яах вэ гэх зэрэг олон шалтгааныг бодолцож хуульчилсан гэнэ. Мөн гадаадын орнуудад энэ жишгээр улсынхаа иргэдийг тоглуулдаггүй хуультай улс олон байдаг. Жишээ дурдвал энэ салбарт дэлхийд орлогоороо толгой цохидог Өмнөд Солонгосыг нэрлэж болох аж.

Энэ тал дээр хууль санаачлагчийн нэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын байр суурийг хүргэе.

"Монголд монгол иргэнийг тоглуулахгүй гэж үзсэн юм гэхээр бидэнд байгаа муу сургамжин дээрээ үндэслээд, Монгол Улсын иргэнийг ямар ч байсан энэ удаадаа тоглохыг хориглосон заалт оруулсан. Цаашдаа Монгол Улс хөгжих байх. Монгол Улсын иргэд өнөөдөр гадагшаа явж тоглохнь их байна. Энэ гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалаа дотооддоо үлдээх боломж яваандаа бий болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бид ямар ч байсан гадны тоглогчдыг илүү татах боломж бололцоог бүрдүүлсэн нөхцөлд казино амжилттай ажиллах боломж, бололцоо илүү бүрдэнэ гэж харж байгаа. Ер нь бол казино байгуулсан, казиногийн хууль боловсруулсан хүмүүсийн материалтай танилцахад, казино гэдэг зүйл үндсэндээ ердийн үйл явдал болсон гэж тодорхойлдог болсон байна. Бид дэлгүүрт ороод, тортой юм худалдаж аваад гардаг шиг үйл явдлыг казино гэж энгийн ухамсраар ойлгодог. Жишээ нь Макаод бүх иргэд нь казино тоглох боломжтой, тийм хуультай. Гэхдээ хэзээ ч тэр иргэд казинодоо бараг тоглодоггүй гэж байна. Тэр улсын иргэд бүгдээрээ тэр казинод орж суугаад, мөнгөө алдаад суух нөхцөл, бололцоо байдаггүй гэж байгаа. Тэгэхээр улсаараа тэнд орж тоглоод, дампуураад сууж байдаг улс орон гэж байхгүй. Тэгэхээр иргэдийн боловсролын төвшинд, эдийн засагт хэрхэн, яаж хандах вэ гэдэг хандлагаас шалтгаална. Энэ асуудлыг бид зөвхөн казино гэдэг зүйлтэй хольж, хутгаж ойлгож болохгүй"

Тэгвэл Сингапур, Хонконг, Макаод иргэд нь тодорхой мөнгөн хязгаар болон тусгай такстайгаар казинодоо ордог гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцолсон бөгөөд "Иргэд нь тусгай такс төлөөд тодорхой мөнгөн хязгаарлалтад өөрийн орны казинод тоглох нь хуулийн зохицуулалтаар шийдэгддэг. Жишээ татвал, Сингапур улсын иргэдийн хувьд эхний 24 цагт 100 ам.доллар төлөөд 5000 сингапур доллараар тоглох эрхтэй байдаг" гэжээ.

Монгол улсын иргэд ч бас казинод тоглохыг хүсэх нь лавтай. Хуулиндаа зохицуулаад өгчихвөл монголчууд казино тоглохын тулд гадаадыг зорьж замын зардал хил гаалийн татварт мөнгөө алдах шаардлагагүй болох юм. Хуулийн төсөл боловсруулагчид энэ талын судалгааг хийж үзсэн бөгөөд монголчуудын нэлээд хувь нь гадаадад казино тоглодог нь батлагдсан гэнэ.

Байсгээд л тэр дарга, тийм улстөрч гадаадын казинод тоглолоо гэх мэдээлэл хөвөрдөг. Ил далд гадаадын казиног зорьдог тэр мөнгөний урсгалыг дотооддоо барих боломжийг уг нь казиногийн хууль санаачлагчид алдаж болохгүй л юм.

Монголчууд таксаа төлөөд тоглог л дээ. Хил гаалийн хураамж, замын зардалдаа өгөх мөнгөөрөө татвараа төлөөд тоглоход тэр мөнгөний тодорхой хувь нь Монгол улсын татварын санд орж ирэх ёстой.

Дашрамд Хуулийн төсөлд 35 тэрбумын зөвшөөрлөөр казиногийн эрх авах бөгөөд байршлыг нь зааж тусгаагүй байгаа юм. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж шийдэх бөгөөд дэд бүтэц хөгжсөнийг нь бодолцож, шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа Хөшигийн хөндий юмуу Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд байгуулагдах магадлал өндөр хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Д.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ